Шарах шүүгээнд хийж болох амттай кебабны жор

Өнөөдөр та бүхэндээ шарах шүүгээнд хийж болох кебабны жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Карентинд гоё хоол идэж чадахгүй, хэдхэн төрлийн хоолноос уйдаж байгаа бол өнөө оройн хоолондоо үүнийг хийгээд үзээрэй.

Орц:

  • Гурил – 300 гр
  • Масло – 125 гр
  • Сүү – 100 мл
  • Хөөлгөгч – тал амны халбага
  • Давс – чимх
  • Татсан мах – 700 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Яншуй болон гоньд
  • Давс – 1 халбага
  • Хар перец – тал халбага

Сүүндээ хөөлгөгчөө хийж хутгана. Сүү хүйтэн байхад болно. Маслоо гэсгээж хайлуулах шаардлагагүй. Царцуугаар нь буталж, гурил дээрээ хийгээрэй. Үүн дээрээ давсаа нэмээд, сүүгээ хийж гурилаа зуурна.

Гурилаа зуурсан бол дээгүүр нь тугалган цаасаар таглаад, цааш тавиарай.

Сонгиноо жижиглэж татна. Яншуй болон гоньдоо мөн хэрчиж, махан дээрээ хийгээрэй. Махаа сонгино, яншуй, гоньд, давс, перец зэргээр амталж базна. Базсан махаа зурагт үзүүлсэнтэй ижил гонзгой хэлбэртэй болгож бэлтгээрэй.

Цааш тавьж орхисон гурилаа авч элдэнэ. Нимгэлж элдээд 1 см өргөнтэй уртааш нь зүсээрэй. Зүссэн гурилаа авч, махаа орооно.

Шарах шүүгээгээ урьдчилан, 180 хэмд халаана. Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсэж, дээр нь гурилаар ороосон махаа тавиарай. Үүнийгээ өндгөөр арчиж өгнө.

Ингээд хоолоо шарах шүүгээнд хийж, 200 хэмд 30 минут шарж болгоход хангалттай юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!