Өвлийн цагт сармис шиг хэрэгтэй зүйл гэж үгүй. Үүний тусламжтайгаар дархлаагаа дэмжиж, ханиадаас өөрийгөө хамгаалж болно. Сармис нь бактер, үрэвслийн эсрэг шинж чанартай тул таныг олон төрлийн өвчнөөс сэргийлэх билээ. Тэгвэл үүнийг их хэмжээгээр бэлтгэж хөлдөөгөөд, хоол хийх бүртээ бага багаар авч хэрэглээд байх боломжтой юм. Та бүхэндээ хэрхэн бэлтгэх аргыг зааж өгье.
Хэрэглэх хэмжээгээр олон сармис гаргаад хальсалж цэвэрлэнэ. Цэвэрлэсэн сармисаа махны машинаар машиндах эсвэл блендэрт хийж эргүүлж болно.
Ингээд буталж зуурмаг болгосон сармисаа нимгэн гялгар уутанд хийж, дөрвөлжин хэлбэртэй болгож хавтгайлж, тараана. Бүх хэсгийг жигд зузаантай болгоод тэгшлээрэй. Дараа нь хутгаар хөнгөн дарж, сармисаа шоо хэлбэртэй болгож зүсээрэй. Ингэхдээ уутаа зүсч болохгүй бөгөөд хутганы иртэй бус мохоо талаар нь дарна.
Шоо болгосны дараа ууттай сармисаа хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Ингээд л та хоол хийхдээ хөлдөөсөн сармиснаас нэг шоог хугалж аваад ашиглаад байж болох юм. Илүү хялбар байх төдийгүй сармис муудаж хөгцрөхөөс сэргийлэх аж. Та заавал туршиж үзээрэй.