Будаа агших хооронд бусдыг нь бэлтгэчихнэ: Хамгийн амархан бас амттай будаатай хуурга хийх жор

Энгийн будаатай хуурга хааяа идэх гоё байдаггүй гэж үү? Өнөөдөр та бүхэндээ энгийн гэхээс илүүтэй тансаг амттай будаатай хуурга хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээр жороо хараад дагаад хийгээд үзээрэй.

Орц:

  • Мах – 300 гр
  • Хаш – 1 ширхэг (жижиг хэмжээтэй)
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Сонгино – тал
  • Лууван – 1 ширхэг
  • Сармис – 3 хумс
  • Соё соус – 7-8 халбага
  • Гүнжидийн тос – 2-3 халбага
  • Будаа
  • Ургамлын тос

Хийх арга:

Будаагаа давстай усанд хийж агшаарай. Будааны хэмжээгээ та өөрөө тааруулна. Будаагаа агших хооронд хоолоо бэлтгэнэ.

Махаа нарийн урт хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавганд багахан тос хийж халаагаад махаа хийж хуурна. Ойролцоогоор 3-4 минут хуурч хутгаарай. Махнаас шүүс ялгарах бөгөөд түлэгдэхгүй. Ахин 1-2 минут хуурч, махны өнгөн хэсэг борлоод ирмэгц нь гаргаж аваарай.

Сонгино, лууван, хаш, чинжүүгээ гонзгой хэлбэртэй хэрчинэ. Хайруулын тавгандаа тос хийж, сонгиноо эхэлж багахан хуураад, лууван, чинжүү, хашаа хийж хуурах юм. Үүн дээрээ гүнжидийн тос, соё соус, нухсан сармисаа хийж хутгаарай.

2-3 минут хуурч, луувангаа зөөлрүүлнэ. Лууван зөөлрөөд ирмэгц өмнө хуурч бэлтгэсэн махаа нэмж хийгээрэй.

Хольж бэлтгэсэн мах ногоогоо ахин 1-2 минут хуураад галаа унтраана. Энэ хооронд будаа агшсан байх болно. Будаа болон махаа хольж идээрэй. Үнэхээр амттай бас сонирхолтой байх болно шүү.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!