Амттан, бялуу зэрэг нь амьдралыг илүү өнгөлөг, аз жаргалтай болгож өгдөг. Гэтэл үүнийг амсаж идэх төдийд таргална гэж айсаар, идэхийг хүссэн ч идэж чадахгүй дэргэдүүр нь шүлсээ залгиад өнгөрдөг бүсгүйчүүд олон. Тэдгээр бүсгүйчүүддээ зориулж өнөөдөр гурил, масло, чихэргүй шоколадтай бялуу хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
Та энэхүү аргаар тус бялууг бэлтгээд таргална гэж айлгүйгээр хүссэн хэмжээгээр идээрэй. Чихэргүй, маслогүй, гурилгүй гэхээр ямар ч амтгүй болох мэт санагдаж байна уу? Тэгвэл энэ нь харин ч эсрэгээрээ байх болно шүү. Манай бүсгүйчүүд нэг удаа туршаад үзээрэй.
Орц:
- Гадил – 1 ширхэг
- Өндөг – 1 ширхэг
- Какоа – 1-2 халбага
- Хөөлгөгч – тал амны халбага
Бүх орцоо блэндэрт хийж эргүүлнэ. Зуурмагаа блэндэрээс гаргаж, бариултай аяганд хийгээрэй. Одоо харин үүнийгээ богино долгионы зууханд хийж, 2-3 минут эргүүлэх хэрэгтэй.
Товлосон цаг болж, аягатай зуурмагаа богино долгионы зуухаас гаргаж ирэхэд хэдийн амттайхан бялуу болчихсон байх болно. Үүнийгээ та шингэн шоколад, жимс, хөөсөн чихэр гээд өөрийн дуртай амттангаар чимэглэж болох юм. Үнэхээр хялбар бөгөөд амттай тул туршиж үзээрэй.