Өглөө бүр 5:30 босдог болсон: Амьдрал маань тэр чигтээ өөрчлөгдсөн

Орой оройтож унтаад, өглөө сэрүүлэгтээ сэрэхгүй ахин дахин унтрааж, одоо хэтэрлээ гэх дохиогоор сэрж харвал цаг хэдийн 8 өнгөрч байх аж. Яаран босч, санд мэнд хувцсаа өмсөөд ажилдаа гарна. Оройтоод гарчихсан болохоор хүмүүсийн ид хөдөлгөөн эхэлчихэж. Зам түгжирч, автобусанд чихэлдэж, бухимдал дүүрэн баргар царайлсаар ажилдаа орж ирэх нь тэр. Хоцорч орж ирсэн болохоор даргын хүйтэн харцнаас бултахыг хичээж тонгойсоор сая нэг ширээндээ ирж сууна.

Овоорсон ажлаа эхнээс нь цэгцэлж, үдийн цайндаа ч тухтай орж амжилгүй ажилласаар сая нэг тарах цаг болжээ. Ядарч сульдсан хүн гэртээ орж ирээд, аяга хоолоо дуртай дургүй идчихээд утсаа ухаж дээш нэг харж, зурагт ширтэж хажуу тийш нэг харж хэвтсээр унтчихна. Өглөө ахиад л сэрүүлэгний чанга дуу…

Яг энэ хэмнэлээр амьдардаг хүмүүс дэндүү олон. Амьдарч байна гэж хэлэхэд хэцүү. Тэгвэл өглөө бүр 5.30-д босдог болчихвол амьдралд ямар өөрчлөлт гарах бол? Энэ талаар явуулсан сонирхолтой судалгааны үр дүнг хуваалцаж байна.

Илүү бүтээлч болно

Өглөө эрт босвол өдөрт олон ажил амжуулж болно. Эрт сэрээд өдрийн ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бүгдийг амжуулчихаад, ёстой л бүтээлч өдөр байлаа гээд орой нь өөртөө дүгнэлт хийгээд сууж байх аж. Өглөө ажилдаа очихоос өмнө хийх ажлуудаа дэс дараалалтай төлөвлөчихөөр гараас ч ажил хурдан гардаг болохыг мэдэж авсан. Ингэж ажиллахад нэг л мэдэхэд бүх зүйлс цэгцэрчихсэн, харин цаг дөнгөж их үд болж байдаг.

Өөртөө цаг зав гаргана

5,30 боссоход надад өөртөө зарцуулж болох 2 цаг гарч ирдэг. Ажилдаа яарахын оронд бүх зүйлсээ цэгцэлчихээд кофе уугаад ном уншаад сууж ч болно. Өмнө нь ус ууж ч амжилгүй гэрээсээ яарч гардаг байсан бол одоо яарч сандралгүй тухтайхан бэлдээд гардаг.

Бие галбиртаа анхаарч эхэлнэ

Би эрт босч эхэлсэн цагаас хойш ажилдаа орохын өмнө фитнест явдаг болсон. Өглөө 1-2 цаг дасгал хийж хөлсөө гаргаад, эрч хүчээр дүүрэн ажил руугаа ордог. Дасгал хийчихээр бие хөнгөрч, ёстой л энергиэр өөрийгөө цэнэглэх шиг болдог. Мэдээж үүний үр дүнд жингээ хасч, бие галбираа өөрчилж чадна.

Чимээгүй амар тайвныг мэдрэх боломж

Өглөө эрт босоод гадуур алхах хэчнээн сайхан гээч. Та үүнийг мэдэрч байсан уу? Эл хуль хүнгүй, хоосон гудамжаар алхах ч нэг төрлийн йог шиг санагддаг. Нар нүүр рүү ээж, дулаахан чимээгүй уур амьсгал сэтгэл дотрыг засч, тэр өдрийг сайхан эхлүүлэхэд тусалдаг.

Цаг болон энергиэ хэмнэнэ

Эрт гараад явахад зам сул чөлөөтэй, автобус унаа ч хоосон, хүнгүй байдаг. Та замын түгжрэл, автобусанд чихэлдсэн хүмүүсээс болж бухимдах шаардлагагүй болно. Ёстой л эрх чөлөөтэй, дураараа, амар тайван явсаар ажилдаа ирнэ.

Эрүүл зөв хооллолт

Өглөө цаг их гарах учраас өөртөө амттай өглөөний цай бэлтгэх боломж бүрддэг. Өглөөний хоолыг өөртөө гэдэг шүү дээ. Өмнө нь өглөөний цай уулгүй, өлөн ходоодтой ажил дээрээ сууж байдагсан. Одоо бол өөртөө амттай шим тэжээлтэй гэх бүгдийг хийж өгдөг болсон. Үүний ачаар илүү зөв хооллодог болж байгаа шүү.

Хэрхэн өглөө эрт босдог болох вэ?

  • Унтахдаа хөшгөө нээлттэй орхиж байгаарай: Өглөөний нар нүүрэн дээр тань тусч, сэрэх цаг болсныг мэдэгдэнэ.
  • Эрт унт: Эрт босохын тулд мэдээж эрт унтаж хэвшиж хэрэгтэй. 2 цагийн өмнө босохоор төлөвлөж байгаа бол, 2 цагийн өмнө унтах хэрэгтэй.
  • Сэрсэн даруйдаа шууд угаалгын өрөө ор: Сэрсэн ч буцаад унтчих гээд байдаг. Тийм болохоор сэрсэн бол шууд угаалгын өрөө орж нүүрээ угаачихаж байгаарай.
  • Сэрүүлэгээ орноосоо хол тавь: Өглөө сэрүүлэг дуугарахад босч очиж унтраах гэж явах замдаа л та сэрчихнэ.
  • Төлөвлөгөө гарга: Маргааш эрт босч, ийм зүйл хийнэ, тийм ажил амжуулна гэхчлэн төлөвлөгөө гаргаарай. Энэ нь таны эрт сэрэхэд тусална.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!