Махгүй хоол идэх өдөр: Төмс, мөөгтэй амтат пирошки хийх жор

Танайх өдөр бүр л махтай хоол иддэг үү? Тийм бол одооноос долоо хоногт ядаж нэг удаа махгүй хоол идэж байгаарай. Төмс, ногоо ашиглаж, амттай хоол хийж болох сонирхолтой орцууд олон. Тэр дундаас сонгож, өнөөдөр та бүхэндээ төмстэй шарсан боов хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Бүлээн ус – 250 мл
  • Чанасан төмс – 450 гр /4-5 ширхэг/
  • Гурил – 500-550 гр
  • Давс – тал амны халбага
  • Элсэн чихэр – 1 амны халбага
  • Хөөлгөгч – 1 амны халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Масло – 50 гр
  • Далбинга мөөг – 250 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Давс болон хар перец – амталгаагаар
  • Өндөгний шар

Хийх арга:

Бүлээн усандаа элсэн чихэр, хөөлгөгч болон 2 халбага гурил хийж хутгана. Үүнийгээ цааш тавьж 3 минут байлгана.

Чанасан төмсөө үрэгчээр үрж, дээр нь давс, өндөг болон хутгаж тавьсан усаа хийнэ. Мөн гурилныхаа талыг хийж зуураарай. Одоо дээр нь зөөлрүүлсэн маслоо хийж, үлдсэн гурилаа нэмээд гурилаа зуурч, зуурмагаа бэлтгээрэй. Зуурсан гурилаа таглаж, дулаан газар нэг цаг амраана.

Сонгиноо жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж ургамлын тосонд хийж хуурна. Луувангаа үрэгчээр үрж, сонгино дээрээ нэмж хийгээд хуураарай. Лууван зөөлрөөд ирмэгц мөөгөө хэрчиж дээр нь хийнэ. Мөөгийг удаан хуурах хэрэггүй. Давс перецээр амтлаад гал дээрээс авна.

Одоо гурилаа гаргаж ирээд 2 тэнцүү хэсэгт хувааж элдэнэ. Ингэхдээ урт нарийн болгож элдээрэй. Гурилныхаа гол хэсэгт амталсан шанзаа дэвсэж, гурилынхаа нэг захыг нөгөө зах дээр авчирч наана. Амсарыг сайн дарж өгөөрэй.

Ингээд бэлдсэн ороомогоо 7-8 см урттай хэрчиж хуваана. Шарах шүүгээний тавцан дээр хоолоо тарааж тавиад, дээгүүр нь өндөгний шараар арчиарай.

Ингээд хоолоо шарах шүүгээндээ хийгээд, 200 хэмд 20 минут шарж болгоно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!