Жүжигчин Ребел Вилсон 2020 онд тавьсан зорилгоо биелүүлж, 27 кг хасч чадсан: Тэрээр өөрийн жин хассан аргаасаа хуваалцжээ

2020 оны хамгийн онцлох хүмүүсийн нэг бол жүжигчин Ребел Вилсон билээ. Тэрээр өнгөрсөн онд жингээ хасах зорилго тавьж, үүндээ ч хүрч чадсан бөгөөд дэлхий нийтийн анхааралыг татаж, үнэхээр бахархам өөрчлөлт гаргаж чадсан. Түүний урсгасан хөлс, хичээл зүтгэл олон мянган хүнд урам зориг өгч, эхлэхэд хэзээ ч оройтдоггүй болохыг баталсан билээ.

Ребел 2020 оны эхэнд өөрийн инстаграм хуудсаараа дамжуулж, “2020 оныг эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх жил болгоно. Он дуусахад 30 кг жин хасч, эрүүл зөв амьдралын хэмнэлд орсон байх болно” хэмээн дагагч нартаа ам гарсан. Түүний үгс хий хоосон байсангүй. Тэр мөчөөс эхлэн бүсгүй өөрийн инстаграм хуудаснаа жин хасах явцаа алхам тутамдаа хүргэж байсан юм.

Хамгийн эхлээд хооллолт: Чихэр, түргэн хоолноос татгалзсан

Жүжигчин бүсгүй хооллолтоосоо эхэлж өөрчилсөн. Хамгийн эхэнд амттан, чихэрнээс татгалзаж, түргэн хоолыг нэг нүдээрээ ч үзэхээ байсан бөгөөд төрөл бүрийн ногоог хоолны дэглэмдээ оруулж ирсэн байна. Түүний голчлон иддэг хоолны цэсэнд ногоонууд, эрүүл смүти, тахианы цээж мах, салмон загас зэрэг багтана. Гэсэн ч тэрээр долоо хоногт 1-2 удаа өөртөө багахан амттан өгч, хэт хүчлэхгүй байхыг хичээдэг болохоо хэлжээ. Хэтэрхий өөрийгөө хорьж цагдах нь бухимдал үүсгэж, тэр их хичээл зүтгэлийг үгүй хийж, стресст оруулдаг болохыг онцолсон байна. Тиймдээ ч турах гэж дэглэм барьж байгаа бүсгүйчүүд маань хаа нэг өөрийгөө шагнаж, амттан өгч байхыг уриалжээ.

Дасгал хөдөлгөөн хамгийн гол зүйл

Бүсгүй долоо хоногийн долоон өдөр буюу өдөр бүр фитнест очиж дасгал хийдэг. Тэрээр хувийн дасгалжуулагчтай бөгөөд өдөр бүр түүний хийх дасгалуудыг зааварчилж, өөх шатаах, тураах дасгалуудыг хийлгэдэг аж. Хөнгөн энгийн кардио дасгалаас авахуулаад хүнд дасгалуудыг ч хийлгэдэг байна. Хамгийн гол нь жүжигчин бүсгүй маань хэчнээн завгүй байсан ч заавал цаг гаргаж, таслалгүй фитнесдээ очдог гэнэ. Түүний тууштай байдал л бүсгүйн одоогийн томоохон өөрчлөлтийн үндэс суурь болохыг онцолжээ.

Нэг ижил дасгалаар нүдээд байх биш, өөр өөр дасгал хийлгэж, жижиг булчингууд дээр тулж ажилладаг тул Ребелийн биед хурдан өөрчлөлт гарсан хэмээжээ.

Зөвхөн фитнест очиж дасгал хийх биш, бүсгүй зав гарсан үедээ ууланд авирч, өглөө эртлэн босч гүйх алхах гэх мэтээр өөрийгөө үргэлж хөдөлгөөнөөр булдаг аж. Дасгал хөдөлгөөн хийх тусам урам авч, улам бүр хичээх хүсэл төрдөг гэнэ.

Мөн жүжигчин бүсгүй турахад хамгийн чухал зүйл бол өөртэйгөө ярилцах, өөрийгөө хайрлах болохыг онцолсон байна. “Шууд л дасгалаар нүдээд, хоолоо хориод байж болохгүй. Эхлээд заавал турах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Өөртэйгөө ярилц, өөрийгөө чадна гэдгийг итгүүл. Өөрийгөө хайрлаж, би өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө турах хэрэгтэй гэх бодлыг тархиндаа гүн суулгаж чадвал энэ тийм ч хэцүү биш” хэмээсэн аж.

Энэ жил 40 нас хүрч байгаа бүсгүйн өөртөө барьж буй хамгийн том бэлэг нь эрүүл амьдралын хэв маяг, өөрийгөө хайрлах үзэл. Тэрээр 2020 онд тавьсан зорилгоо биелүүлж, 27 кг жинг хасч чаджээ. Та ч бас өөртөө зорилго тавиад нэг тууштай хичээгээд үзээрэй. Таныг ч бас амжилттай байж чадна гэдэгт итгэлтэй байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!