Хууль дүрэм гэж үгүй болчихвол хүмүүс юу хийх бол?

Бид бүгд хомо сапиенс, боловсролтой, хууль зөрчдөггүй, ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэдэг. Гэхдээ нэг л өдөр хууль дүрэм үгүй болчихвол хүмүүс юу хийх бол? Та энэ талаар бодож байсан уу? Яг энэ талаар нэгэн туршилтыг явуулж үзсэн байна.

Марина Абрамовичийн туршилт

Югославын зураач Марина Абрамович хүмүүсийг ямар ч хууль дүрэмгүйгээр 6 цагийн турш ямар нэгэн зүйл хийх боломж олговол юу хийх байсан талаар сонирхож, туршилт явуулжээ. Тус туршилтыг 1974 онд Неаполь хотод зохион байгуулсан байна.

Марина ширээн дээр 72 өөр төрлийн зүйлс гаргаж тавин, хүмүүсийг тэндээс дуртайгаа сонгож, өөрт нь өгөх эсвэл биед нь хүрэх гэх мэтээр ашиглахыг хүссэн байна. Тэдгээр 72 зүйлсэд сарнай, өд, сүрчиг, зөгийн бал, талх, усан үзэм, дарс, хайч, мэс заслын хутга, хадаас, төмөр саваа, сумтай буу зэрэг багтаж байв.

Ингээд уригдаж ирсэн хүмүүст анхааруулах бичиг өгсөн бөгөөд үүнд “Ширээн дээр 72 төрлийн эд зүйлс бий. Та эндээс хүссэнээ сонгож, надад хэрэглэж болно. Би бол объект. Дараа нь би ямар ч гомдол гаргахгүй. Харин энэ бүхэн 6 цаг л үргэлжилнэ гэдгийг санаарай” гэж бичжээ.

Эхэндээ хүмүүс түүнд сарнай, өд өгч тэвэрч, инээлдэж байсан бол, Марина үнэхээр ямар ч царайны хувиралгүй байхыг хараад хүссэн бүхнээ хийж болох юм байна гэдгийг ойлгож. ёстой л дураараа аашилж эхэлсэн байна. Ингэхдээ бүсгүйн хувцсыг урж, үсийг нь тайрч, биеийг нь хүртэл зүсч орхив. Хамгийн аймшигтай нь сумтай бууг барин түүний толгойд тулгах үед хүмүүсийн хооронд маргаан үүсч, зодоон болсон аж. Үүгээр туршилт өндөрлөж, аймшигтай 6 цаг дуусчээ. Тэр 6 цагийн туршид боловсролтой, биеэ зөв авч явдаг гэх хүмүүс хүртэл араатан төрхөө гаргаж, нэг нэгнийгээ өдөөж, тааварлашгүй авир гаргаж байсан аж.

Тус туршилтын үр дүнд ямар ч хүн байлаа гэсэн боломж нь олдвол хамгийн аймшигтай зүйлийг хийхэд бэлэн байдаг болохыг баталжээ.

Бидний хүүхэд нас бүхнийг тодорхойлно

Зарим айлын хүүхэд хүссэн бүхнээ хийж, аав ээжээрээ бүхнийг авахуулж амьдарч байхад, зарим нь эрх чөлөөгөө боолгож, үргэлж хянаж цагдуулж, зодуулж загниулж амьдардаг. Хэтэрхий хоригдож амьдарсан хүүхдүүд том болоод тэр бүгдийг хийж үзэхийг хүсдэг. Хорих тусам адын бодол толгойноос нь салахаа байж, аав ээж нь түүнд хэр хатуу хандана, тэр хэрээр хүйтэн сэтгэл зүрхтэй, гуниг хорслоор дүүрэн араатан болж хувирна.

Харин хүүхдээ хэт дур зоргоор нь тавьж, хүссэн бүхнийг нь өгөх бас л аюултай. Ийм хүмүүжлээр өссөн хүүхэд бусдын орон зайг хүндэтгэх, бусдын бодлыг сонсох, тэдний эрхэнд халдахгүй байх зэргийг мэддэггүй. Зөвхөн өөрийгөө бодож, том болсон ч хүссэн бүхнээ хийх гэж бусдыг гэмтээдэг. Тиймээс хүүхдээ хамгийн зөв нэгэн болгож өсгөхийн тулд хэм хэмжээг тааруулах хэрэгтэй.

Жишээ нь 5 настай охин тань өмсөх дуртай шинэхэн даашинзаа эвдэж хайчлаад өөр зүйл оёхыг хүсвэл, тэдэнд өөр нэг өмсөхгүй хувцас авчирч өгөөд, үүнийг ашигла гэж өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо тэдэнд хүссэнээ хийх эрх чөлөө олгоно, гэхдээ энэ нь хязгаартай болохыг ойлгуул.

Хүмүүс өөрөөсөө дорой нэгнийг дээрэлхэх дуртай

“Dogville” кинон дээр жүжигчин Натали Портмений бүтээсэн дүр цагдаагаас зугтаж, жижиг тосгонд очиж буйгаар дүрслэгддэг. Хүмүүс эхэндээ түүнд сайн хандаж байсан ч, түүнийг өмөөрч хамгаалах нэгэн байхгүй гэдгийг мэдсэн цагаас эхэлж бүсгүйг дээрэлхдэг. Түүний боол мэт үзэж, хүссэн бүхнээ хийлгэж, бүр хүчирхийлдэг. Учир нь тэр өөрийг нь хамгаалах хүн үгүй эмэгтэй хүн. Тийм болохоор харсан хүн бүр нь түүнийг өөрөөсөө дорой гэж бодож дээрэлхэж муухай ханддаг. Тус киноноос хүмүүсийн хамгийн үнэн төрх харагддаг.

 Айдас хүнийг ууртай хэрцгий болгодог

Хамгийн аймхай хүмүүс л түрэмгий авир гаргадаг. Тэд өөрсдийгөө сул дорой харагдуулахгүйн тулд хамгийн чангаар дуугарч, өөрийгөө хамгаалахыг хичээдэг байна. Амьдрал дээр батлагдсан тохиолдлуудыг ч хараад үзэхэд бусдыг дээрэлхдэг, бусдыг дорд харагдуулахыг хичээдэг хүмүүс хамгийн аймхай байдаг. Айдас тэднийг муу хүн мэт аашлахад хүргэдэг аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!