Цагаан сарын тавгийн идээг чимэх боов болон еэвэн хийх жор

Сар шинийн баяр хаяанд иржээ. Хэвийн боов худалдаж авах гэж гадуур хүмүүстэй наалдаж, чихэлдэж, эрсдэлд өөрийгөө оруулахын оронд өөрөө гэртээ бэлтгэчихвэл амар шүү дээ. Харин яаж хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа эзэгтэй нартаа зориулж, амттайхан тавгийн боовны жорыг хүргэж байна.

Эзэгтэй нарын хоолны жороо хуваалцаж, ярилцдаг “Mommy Doko” групийн гишүүн Jagaa Jagaa ийн жорыг хуваалцаж байгаа билээ.

Орц:

  • Гурил – 3 кг
  • Элсэн чихэр – 400 гр
  • Шар тос – 700 гр
  • Давс
  • Бүлээн ус

Гурилан дээрээ элсэн чихрээ хийж хутгаад, дээр нь бүлээн ус болон халаасан шар тосоо хийж, давсаар амтлаад зуурна. Зуурсан гурилаа хэсэг амрааж, эвлүүлнэ.

Гурилаа гаргаж сайтар нухаад, буцааж таглан цааш тавиад ахин гаргаж нухна. Ойролцоогоор 6-7 удаа тус үйлдлийг давтана. Ингэснээр гурил илүү зөөлөрч, эвлэх юм. Яг л хэвийн боовны гурил нухаж буй мэт сайн нухах хэрэгтэйг санаарай.

Ингээд гурилаа 2 см зузаантай элдэж, хэвлэх явц эхэлнэ.

Танд төрөл бүрийн боов болон еэвэнгийн хэв байгаа бол түүнийгээ ашиглаж, гурилаа хэвлэж аваарай.

Боов хийхдээ тавгийн хэмжээндээ тохируулж хэрчинэ. Зурагт үзүүлсэнтэй ижил зүсч бэлтгэнэ.

Ингээд хийж бэлтгэсэн боов болон еэвэнгээ калькин цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр тавьж, 150 хэмд доороос 20 минут шарж биежүүлнэ.

Шарах шүүгээнээс гаргаж ирээд, тосондоо шарах бөгөөд хэт өндөр гал дээр шарж болохгүй. Мөн ойр ойрхон эргүүлж, хажуунаас нь бүү холдоорой. Эс бөгөөс түлэх аюултай шүү.

Ингээд л тавгийн идээн дээрээ тавих боов болон еэвэн бэлэн болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!