Яагаад Япон залуус гэрлэлт бус ганц бие амьдралыг сонгох болсон бэ?

Гэрлэлтийн тал дээр хүн бүр өөр өөр бодолтой байдаг. Зарим нь хүн үр удмаа үлдээх гэж энэ дэлхийд мэндэлдэг гэж үздэг бол, зарим нь өөрийнхөөрөө жаргалтай амьдарсаар дуусах хэрэгтэй гэж боддог. Тэдний аль алинг буруутгах аргагүй. Харин сүүлийн үед Япон бүсгүйчүүд хүнтэй гэрлэхээс татгалзаж, ганцаараа амьдрахыг илүүд үзэх болжээ. Чухам ямар шалтгаанаар ганцаар насыг барахыг хүсэх болсныг доорх мэдээллээс дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Бүсгүйчүүд өөрсдийн хүчинд найдахыг хүсэх болсон

Өмнө нь гэрлэх насанд хүрчихсэн ганц бие эмэгтэйг нийтээрээ үзэн ядаж, тайван суулгахгүй хорон үгсээр хоргоодог байсан. Азаар орчин үед тэднийг ойлгож, хүлээн авах болсон билээ. Япон бүсгүйчүүд өөрсдөө бие даан амьдарч, хэн нэгэнд найдах бус, өөрийн хүчээр амьдралаа босгохыг хүсэх болсондоо ганц бие амьдрах замыг сонгож байна. Өөрийн амьдралаа өөрөө босгож, өөрөө шийдвэр гаргаж, амьдралынхаа гол дүр нь өөрөө байхыг хүсдэг аж.

Гэрлэлт Япон бүсгүйчүүдэд дарамт мэт санагддаг

Өнөөдөр Японд ажил эрхэлдэг эмэгтэйчүүд улам бүр нэмэгдсээр байна. Тус улсын уламжлал соёлд бол эхнэрүүд гэртээ сууж хүүхдээ өсгөж, нөхрөө халамжлах үүрэгтэй хэмээдэг. Энэ мэтчилэн давхар стандартын улмаас эмэгтэйчүүд гэрлэлтээс татгалзаж, эрх чөлөө болон карьертаа анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэх болжээ.

Амжилттай карьер тэдний амьдралын зорилго

25-60 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 70-75% нь ажил хийдэг ч гэрийн ажил, хүүхэд асрахтай холбоотойгоор карьер нь зогсдог. Гэр бүлтэй болсноор тэдэнд дуртай зүйлээ хийх, тэр дундаа карьераа амжилттай авч явах боломж бага болж ирнэ. Тийм ч учраас ажилдаа амжилт гаргахын тулд гэрлэлтийг хойшлуулах, эсвэл үүнээс татгалзах хандлага гарч ирээд байгаа юм.

Япон эрчүүд үүрэх хариуцлагаас зугтаж гэрлэлтээс татгалздаг

Япон эрэгтэй эхнэр авч, хүүхэдтэй болвол тэр цагаас эхлэн ажлын мал болох хэрэгтэй. Хүүхэд өсгөх зардал өндөр, нэмээд гэр бүлээ тэжээх хэрэгтэй, гэртээ суугаа эхнэрээ мөнгөөр дутаахгүй байх ёстой гэхчлэн асар их мөнгө олох шаардлагатай болж ирдэг. Үүнээс болж маш их ажиллаж, стресст ч их орно. Ганцхан олдсон амьдралаа ажлаас өөрийг мэдэхгүй болж өнгөрүүлэхийг үл хүсэх залуус ганц бие амьдралыг ихээр сонгож байна.

Япон эрчүүд мөнгөө зөвхөн өөртөө зарцуулахыг хүсч байна

Японд эрчүүд ганц бие байхыг илүүд үздэг нэг шалтгаан нь мөнгөө зөвхөн өөртөө зориулах юм. Өөрсдийн хичээж олсон мөнгөө өөрийнхөө дуртай зүйлд зориулж, үүнээсээ сэтгэлийн таашаал мэдэрч, аялж зугаалахыг хүснэ.

Ганц бие хүмүүст зориулсан хоолны газар

Ганц бие хүмүүст зориулсан ганц хүний ширээтэй хоолны газар, ганц хүний өрөөтэй буудал, ганцаараа яваа хүнд зориулсан кароаке гээд л үйлчилгээний газрууд Японд олон. Япончууд хэн нэгэн хувийн орон зайд нь халдахад дургүй байдаг тул энэ мэтчилэн ганцаараа цагийг өнгөрүүлдэг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!