Биед С витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүд

Витамин С нь бие махбодийг эрүүл, хэвийн ажиллахад чухал үүрэгтэй. Та өдөр бүр зохих хэмжээниэй С витаминыг биедээ авч байх хэрэгтэй, гэхдээ бусад витаминуудаас ялгаатай нь С витамин нь биед удаан хугацаагаар оршдоггүй. Таны биед С витамин дутагдсанаар, олон таагүй шинж тэмдэг илэрч, тухгүй байдлыг үүсгэх болно. Харин С витаминыг биедээ хуримтлуулж эхэлснээр, тэдгээр шинж тэмдгүүдийг арилгаж чадах юм. Ингээд хамтдаа таны биед С витамин дутагдаж байгаа шинж тэмдгүүдтэй танилцъя.

Буйл хавагнах, цус гарах

Витамин С нь буйлны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та өдөр тутмын авах ёстой хэмжээний С витаминыг биедээ хуримтлуулаагүй бол гингивит үүсэх магадлалтай. Хэрэв та шүднийхээ эрүүл ахуйг сайтар хариуцаж байгаа ч, буйл тань хавдаж, цус алддаг бол С витаминыг илүү их хэмжээгээр хэрэглээд үзээрэй. Эрдэмтэд насанд хүрсэн эмэгтэйчүүдэд өдөрт дунджаар 75мг, насанд хүрсэн эрчүүдэд 90мг С витамин авах хэрэгтэй гэж тооцдог (хэрэв та тамхи татдаг, үүнд өдөр бүр 35мг нэмж оруулаарай).

Үс хугарч унана, гэмтэнэ

Хэрэв таны үс унаж, гэмтээд байвал энэ нь С витамины дутагдалтай холбоотой байж мэдэх юм. Хэрэгтэй хэрэггүй үс арчилгааны бүтээгдэхүүнд мөнгөө үрэхийн оронд С витаминаар баялаг цэцэгт байцаа, киви зэрэг хүнсийг түлхүү хэрэглээрэй. С витамин ихээр агуулдаг хүнс олон тул заавал эм бэлдмэл гэхийн оронд эрүүл хооллоорой.

Үе мөчөөр өвдөх

Үе мөч өвдөх нь С витамины дутагдалтай холбоотой байж болно. Тус витамин нь хүчтэй антиоксидант тул биед дутагдах үед үрэвслийг өдөөж, үе мөчний өвдөлтийг мэдрүүлнэ. Тиймээс үе мөчний өвдөлтийн үед С витамины хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Байн байн өвдөнө

Хэрэв та байн байн ханиад хүрч, халдварт өвчин тусаад байвал энэ нь таны дархлаа муудсантай холбоотой. Харин дархлаа муудах нь С витамины дутагдлаас үүсдэг. Витамин С нь халдварт өвчин, гадны биетэй тэмцэж, эсэргүүцэх цагаан эсийг үйлдвэрлэхэд тусалдаг байна.

Арьс муухай болно

Витамин С нь коллагений үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин тус витамин биед дутагдаж, коллагений үйлдвэрлэлд асуудал гарахад таны арьс гэмтэж, хуурайшиж, үрчлээс тогтоно. Нэг ёсондоо биедээ хангалттай хэмжээний С витамин хуримтлуулснаар, таны арьс гэрэлтэж эхэлнэ гэсэн үг.

Хамраас цус гоожих

Хамраас цус гоожих нь эрүүл мэндэд сөрөг нөлөө бага ч гэлээ, байнга давтагдах нь төвөгтэй. Харин үүний шалтгаан нь С витамины дутагдал байж болох юм. Хүний хамар нь жижигхэн цусны судсуудаар дүүрэн байх бөгөөд үүнийг бат бөх байлгах үүргийг С витамин хүлээдэг.

Хумс хэврэг болно

Хэрэв таны бие С аминдэмийн дутагдалд орвол төмрийн дутагдлын цус багадалтанд хүргэдэг бөгөөд энэ нь хумсыг хэврэг болгоно. Хэрэв та хумс бэхжүүлэгч хэрэглээд ч үр дүнд хүрэхгүй бол, С витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээд үзээрэй.