Олон жилийн турш эрдэмтдийг төөрөгдүүлж буй нууцлаг түүхүүд

Дэлхий ертөнц хэчнээн хөгжин дэвших нь хамаагүй, манай гараг дээр мэдэгдэлгүй үлдсэн нууцууд олон бий. Эдгээр түүхэн олдвор, хэдэн мянган зууныг дамнан, оршсоор ирсэн соёл иргэншлийн үлдэгдэл нь өнөө хэр нь археологич, түүхч, физикч, химичдийг төөрөгдүүлж, толгойг нь эргүүлсэн хэвээр л байна. Ингээд хамтдаа одоог болтол оньсого хэвээр үлдсэн нууцлаг түүхүүдтэй танилцъя. Ер бусын түүхэн аялалд бэлдээрэй.

Сфинксийн чихэн дотор юу байна вэ?

Египетийн алдарт Сфинксийн чихийг тагласан чулууг харж байна уу? Үүнд чухам юу байгаа болоод ингэтлээ хааж, нуусан юм бол?

Археологичид энэ нь чухам юу болохыг олж тогтоохыг өнөө хэр нь оролдож байгаа ч, үр дүнд хүрч чадаагүй л байгаа. Харин нэгэн Орос эр өөрийгөө өнгөрсөн амьдралдаа Ангараг гарагт амьдардаг цэрэг байсан гэх бөгөөд тухайн үедээ Египетэд очиж, чихний дотор юу нуугдаж байгааг харж байсан хэмээсэн нь шуугиан тариад амжсан билээ. Мөн тэрээр Сфинксийн чихэн доторх зүйл ил гарвал дэлхий дахинд маш том өөрчлөлтийг авчрах болно хэмээсэн.

Энэ түүх нь уран зөгнөл мэт санагдаж болох ч Сфинксийн баруун чихний доор ямар нэг юм бий гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Түүнээс гадна, 19-р зууны үед Сфинксийн хоёр дахь хаалга болох хөшөөний толгойны орой дээрээс хүмүүс гарч ирж байгааг дүрсэлсэн зураг бий.

Археологичид хэлэхдээ, Сфинкс рүү тус орой дээрх хаалгаар орох гэж оролдох бүрт тэр нь бөглөрсөн эсвэл үерт автсан байдаг. Бид олж мэдэхээсээ өмнө жаахан хүлээх хэрэгтэй болж байх шиг байна хэмээж байсан удаатай.

Эртний “CD-ROM” -ийг хэн ч шифрлэж чадахгүй

Үүнийг “Фаистос диск” гэж нэрлэдэг бөгөөд 3,700 жилийн өмнө Грек дэх Миноаны соёлтой холбогддог байна. Энэ нь 16 см диаметртэй, сийлсэн хэлбэртэй мэдээллийг агуулсан шавраас бүрдсэн диск юм. Маш олон эрдэмтэд үүнийг тайлж уншихыг хичээж байгаа боловч, одоо хүртэл хэлнийх нь учрыг олж чадаагүй байгаа билээ.

Саяхан хэсэг бүлэг эрдэмтэд диск дээрээс “дарь эх”, “эх” гэсэн үгсийг тайлж уншсан ба үүнийг нь Миноанд залбирч буй мэтээр ойлгох хэрэгтэй гэж үзсэн ч, одоо хүртэл ойлгомжгүй хэвээр байгаа юм.

Туркын мах иддэг булш

Эртний Ассос хотод байрлах эдгээр туркийн саркофаг нь ер бусын чадвартай. Энэ нь цогцсыг богино хугацаанд задалж, устгадаг бөгөөд чухам яаж ийм зүйл болдог нь одоог хүртэл эрдэмтийн хувьд оньсого хэвээр байгаа юм. Чанаккалеар гэгддэг эдгээр булшнууд нь 2,700 жилийн настай гэх бөгөөд биеийг ердөө 40 хоногийн дотор ялзрах чадвартай байдаг.

Эрдэмтэд булшин дахь их хэмжээний хөнгөн цагаан нь шатаж, махыг амархан ялзалдаг гэж үздэг боловч энэ нь хараахан батлагдаагүй байгаа билээ.

Америктай холбогддог Египетийн мумми дахь кокаин ба тамхи

Египетийн фараон агсан Рамсесын мумийг шинжлэхэд, эрдэмтэд мумигийн гэдэс дотроос тамхи, кокаин, гашишны ул мөрийг олсон байна. Удалгүй бусад мумми нарыг шалгаж үзээд үр дүн нь ижил байв.

Эдгээр бүх ургамал нь Америк тивд байдаг тул бидний итгэж ирсэн маш олон зүйлс эргэлзээтэй болж эхэлнэ. Египетчүүд Америк тивийг нээсэн үү? Зарим хүмүүс Викингчүүд тус тивийг нээсэн гэж итгэдэг бол, зарим нь Хятадууд анх Америк тивд хөл тавьсан хэмээн үздэг.

Коста Рикагийн нууцлаг төгс чулуун бөмбөлгүүд

Эдгээр чулууг “Лас Болас” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь “Бөмбөг” гэсэн утгатай үг юм. Тус чулууны түүх биднийг 15-р зуунд хүргэж өгнө. Археологичид энэ бөмбөрцгийг Испанийг байлдан дагуулахаас өмнө устаж үгүй болсон соёл иргэншил болох Дикисийн соёлтой холбоотой хэмээн санал нийлдэг.

Тус чулуунууд нь 10-257 см диаметртэй бөгөөд 16 тонноос илүү жинтэй. Чулуун бөмбөгийг хэдэн мянган жилийн турш Коста Рика руу зөөвөрлөж, дуурайлган хийж наймаалдаг байсан гэдэг. Гэсэн хэдий ч эрдэмтэд чухам хэн үүнийг хийж, ямар шалтгаанаар бий болгосон зэргийг мэдэж чадаагүй хэвээр байгаа билээ.

Тайлагдашгүй кодоор бичигдсэн гар бичмэл

Войнич гар бичмэлийг 16-р зууны Сэргэн мандалтын үеэр Италид бичигдсэн ном хэмээн эрдэмтэд үздэг. Үүн дээр юу бичигдсэнийг хэн ч тайлж уншиж чаддаггүй. Дэлхийн 1 болон 2-р дайны үед хамгийн чадварлаг гэгддэг код тайлагч нар шифрлэх гэж хэдэн мянган удаа оролдож байсан ч, үр дүнд хүрч чадаагүй.

Номын худалдаачин Вилфрид Войнич нь тус гар бичмэлийг олж, 1912 онд худалдан авсан байдаг бөгөөд түүний нэрээр үл тайлагдах нууцлаг гар бичмэлийг нэрлэсэн билээ.

Пума Панкугийн чулуунууд

Пума Пунку нь Аймарагаар “пумагийн хаалга” гэсэн утгатай. Үүнийг Инкасын өмнө амьдарч байсан Тиванаку соёл иргэншилтэй хүмүүс барьсан гэдэг.

Энэ цогцолборын хамгийн сонирхолтой зүйл бол уг байгууламжууд нь том зүсэгдсэн чулуунаас бүтээгдсэн боловч хүмүүс тухайн үед ийм том чулууг хэрхэн тайрах тухай мэдлэггүй, технологи байдаггүй байв. Нэмээд тэд зөөвөрлөгч дугуй ашигладаггүй байсан. Дугуй нь Испанийг байлдан дагуулалтаар мэдэж авсан шинэ нээлт байсан атал эдгээр аварга том чулуунуудыг яаж хөдөлгөсөн юм бол?

Хэнийг ч баян болгож чадах эртний эрдэнэсийн газрын зураг

Таны зурагнаас харж байгаа зүйл бол Сөнөсөн тэнгисийн агуйд байрлах зэсэн бичээс бөгөөд үүнийг хүмүүс эртний еврейчүүдийн эрдэнэс рүү хөтөлдөг гэж үздэг. Тус бичээс нь хүмүүсийг шашны болон үнэт металлын эрдэнэс рүү хөтлөх үнэт газрын зураг юм. Зарим судлаачид үүнийг 70-аад оны үед сүйрсэн  Еврейн хоёрдугаар сүмийн үнэт эрдэнэс рүү хүргэх гүүр болно хэмээн үзэж байгаа аж.

Маш олон хүмүүс газрын зургийг тайлж унших гэж оролдож байсан ч, тэнд заагдсан газрууд нь хэдэн мянган жилийн өмнө хэдийн элсэнд булагдаж алга болсон учир, алт эрдэнэсийн тухай мөрөөдлөө орхихоос өөр аргагүйд хүрч байгаа юм.