Эрчүүдийн хайрын галыг бөхөөдөг эмэгтэйчүүдийн үйлдлүүд

Гэр бүл салалтын гол буруутан нь үргэлж эрчүүд болж хувирдаг. Гэвч энэ нь хоёр талтай ойлголт юм. Эмэгтэйчүүдийн утгагүй ааш зан, үргэлж хардах зэргээс болж, эрчүүдийн хайр хөрч, сүүлдээ тэвчилгүй салахад хүрдэг. Тиймээс бүсгүй та нөхрийгөө бүх аашийг минь тэвчих ёстой гэх ойлголтоосоо салж, өөрийгөө ямар ааш гаргаж байгаад ч бас анхаарлаа хандуулаарай. Хэрвээ танд дор дурдах зан чанаруудаас аль нэг нь байгаа бол үүнийгээ хурдан засахыг хүсье. Үгүй бол энэ нь эхнэр нөхрийн харилцаанд ан цав суулгаж, нөхрийг тань холдуулж мэднэ. 

Юу хүсч, яамаар байгаагаа хэлдэггүй 

Эмэгтэйчүүдийн юу хүсч байгаагаа, яамаар байгаагаа хэлэхгүй үргэлж төвөгтэй зан гаргах нь эрчүүдэд үнэхээр төвөгтэй байдаг. Хэлэх гэсэн зүйлээ тойруулж, бараг таавар таалгах нь холгүй юм болох бөгөөд үүнийг нь эрчүүд тэвчих ёстой хэмээн үздэг. Харин та тэдний оронд өөрийгөө нэг удаа тавьж үзсэн үү? Эхнэр нь үргэлж ааш нь олдохгүй маяглаж, гомдоллох нь эрчүүдийг сүүлдээ залхааж, хайрыг хөргөж орхидог.

Хэтэрхий их нүүрээ будаж, гадаад төрхөндөө анхаардаг

Гэр орноо цэвэрлэж, анхаарал хандуулахын оронд өөрийгөө л будаж гоодохыг эрхэмлэгч бүсгүйчүүдэд эрчүүд таатай ханддаггүй. Хэтэрхий их нүүрээ будаж, гадаад төрхөндөө анхаарч, хүүхдээ хооллохоос илүүтэй найзуудтайгаа гадуур зугаална. Ийм зан чанар нь эрчүүдэд үнэхээр төвөгтэй санагдах төдийгүй сүүлдээ залхаж эхэлнэ. Энэ нь эрчүүдийн эхнэрээ гэх хайр хөрөх бас нэгэн шалтгаан болдог байна.

Хувийн орон зайг нь хүндлэхгүй байх

Чи хаачаад ирэв, хэнтэй ярив, яагаад тэрний зурган дээр лайк дарсан юм, энэ охинтой яахаараа фэйсбүүктэй найз болчихсон байдаг юм гэхчлэн утга учиргүй хардаж, хувийн орон зай ч үлдээхгүй байх нь эр хүнийг үргээж орхидог талтай. Тиймээс түүнд ч бас байх ёстой эрх чөлөөг нь олгож, хэт цагдаж хорихоос цааргалаарай. Нөхөртөө итгэж байгаагаа ч түүнд ойлгуулж, хэн хэнийхээ итгэлийг алдахгүй, зөв хийгээд тайван амьдрахыг хүсч байгаагаа ойлгуулах хэрэгтэй.

Үргэлж шүүмжилдэг

Хийсэн хөдөлгөөн бүрийг нь араас нь дагаж шүүмжилж, арчаагүй амьтнаар нь дуудах эхнэрүүд олон байдаг. Хэн л хайрлаж дурлаж, хамт амьдрахаар шийдсэн бүсгүйдээ үргэлж дорд үзэгдэж, элдвээр хэлүүлэн байж хайрласаар байх билээ дээ. Та нөхрөөсөө хайр хүсч байгаа бол эхлээд би яасан билээ гэдгээ бодоод үзээрэй. Магадгүй та түүнийг хэт их шүүмжилж, өөлж гоочилж байж болно шүү дээ.