Монголын баримт шалгагчдын төв Фэйсбүүктэй хамтран хуурамч мэдээлэл таних тэмдэгтэй болж, тус мэдээллийг хаадаг болно

2004 онд байгуулагдсан Фэйсбүүк компани 2021 оны 10 сарын 28-ны өдөр өөрсдийн нэрийг Мета болгон өөрчилсөн билээ. Тэгвэл “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээллээ. Тодруулбал, Фэйсбүүк дэх хуурамч мэдээлэл хэрэглэгчдэд таних тэмдэгтэй хүрч, цаашлаад түүний худал хэмээн тодорхойлсон шалтгааныг ил харуулж, мэдээллийг хаадаг болно гэв.

“Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төв” НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо:

– Манай харьяанд үйл ажиллагаа явуулдаг Монголын баримт шалгагчдын төв нь “Мета” компанитай хамтран, хөндлөнгийн баримт шалгагчаар ажиллахаар боллоо. Ингэхдээ фэйсбүүк болон инстаграм дээрх мэдээллийг үнэн бодит байлгах, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангасан мэдээллээр хангах зорилгоор бие даасан хөндлөнгийн байгууллагатай хамтран ажилладаг. Үүнд дэлхийн 80 гаруй байгууллагатай 60 хэлээр баримт шалгаж хүргэдэг.

Хэрэглэгчдийн сошиал хуудасны мэдээллийн самбар дээр харагдаж буй мэдээлэл нь тодорхой шүүлтүүрээр буюу баталгаатай, төөрөгдүүлсэн эргэлзээтэй, хуурамч мэдээлэл гэх мэт нь шошготой болж байна. Ингэснээр үнэн, худал мэдээллийг ялгах боломжтой болж байна гэсэн үг. Өмнө нь 60 гаруй орны хэл дээр хэрэгжиж байсан бол Монгол, Казахстан хэл нэмэгдсэнээр 62 хэл дээр үнэн бодит мэдээлэл хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна гэсэн үг.

– Mongolian Fact-Checking Center буюу Монголын баримт шалгагчдын төвийн редактор Э.Батцэцэг:

– Монголын баримт шалгагчдын төвнь 2020 оны 3-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан ба олон улсад бүртгэлтэй 130 гаруй байгууллагын нэг болж, улсдаа анхны баримт шалгах байгууллага болсон юм. Бид “Мета” компанитай түнш болсноор худал мэдээллийг хаах эрхтэй болсон. Тухайн мэдээлэл худал байвал өөрсдийн тэмдэглэгээг тавих ба үүнийг хэрэглэгч, уншигч унших боломжгүй болно.

Мөн яагаад хуурамч байгааг нь хэрэглэгч шалгаж болох ба төвөөс нягталж, шалгасан тайлбар, тайлан ил харагдаж байх болно. Хэрэв өмнө нь нэгэнт хуваалцсан мэдээллийг хуурамч байгааг дараа нь шалгаад батлагдвал хэрэглэгчдэд мэдэгдэл очдог болж байна. Манай төвөөр шалгасан нийт мэдээллийн 98 гаруй хувийг хуурамч нэртэй, домэйн хаяг эзэлсэн бол редакцын мэдээлэл хоёр хүрэхгүй болох юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!