Олимпын аварга Н.Түвшинбаярын зүгээс хоёр тэрбум 783 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт төлж барагдуулсан

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйчлэлийг эс зөвшөөрөх, хохирогчийг шүүгдэгч нь санаатай хөнөөгүй гэж мэтгэлцэх боловч шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, нэр бүхий есөн гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Санаатай гэмт хэрэг мөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа” гэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хоёр тэрбум 783 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас нөхөн сэргээх боломжгүй хүний амь нас хохирсон. Хүний амь насыг үнэлж болохгүй. Тэгэхээр хохирлыг нөхөн төлөх боломжгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг баримтын хүрээнд төлсөн. Гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар үргэлжилнэ.

Хүүхдийн сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг шүүхээс нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг хурал өчигдөр эхэлсэн бөгөөд нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Улмаар өнөөдөр үргэлжлэхээр завсарласан билээ.