Технологийн эрин үе нь бидний амьдралд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ болзошгүй аюулуудыг дагуулж байна. Хакерууд болон луйварчид бидний хувийн мэдээлэл болон мөнгийг хулгайлах маш олон аргуудыг сүүлийн үеийн технологиудыг ашиглан хийдэг болжээ.
Ингээд амьдралын ямар ч нөхцөл байдалд тохиолдож болох анхаарах хэрэгтэй чухал мэдээллүүдийг бид бэлтгэн хүргэж байна.
1. Таны батерей илүү хурдан дуусч байна.
Хэрэв таны ухаалаг гар утасны батерей өмнөхөөсөө хурдан дуусч эхэлсэн бол энэ нь таны утсыг хакердсантай холбоотой байж магадгүй юм. Үүний шалтгаан нь танд харагдахгүй байгаа хортой програм таны гар утсанд далд ажиллаж, илүү их эрчим хүч зарцуулж байгаа гэсэн үг юм. Үүний үр дагавар нь мэдээлэл алдагдах, хувийн мэдээллийг буруугаар ашиглах, санхүүгийн алдагдал зэрэгт өртөх эрсдэлтэй.
2. Таны онлайнаар харилцаж буй хүн танд хэт их магтаал хэлдэг.
Өнөө үед олон хүмүүс олон нийтийн сүлжээ эсвэл болзооны программуудаар дамжуулан уулзаж, болзож байна. Гэхдээ бид танихгүй хүмүүстэй харьцаж байгаа тул үргэлж болгоомжтой байх нь чухал юм. Хэрэв таны харьцаж буй хүн хэт их магтаал, мэдрэмжээр харилцаагаа эхлүүлбэл түүнд ямар нэгэн далд сэдэл байх эрсдэлтэй. Хэрэв тэд таны гэрийн хаягийг асууж, санхүүгийн тусламж хүсэх эсвэл саяхан хүүхэдтэй болсон мэтээр харьцаж байвал эдгээр нь бүгд өгөөш бөгөөд та харилцаагаа үргэлжлүүлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй.
3. Ажил олгогч танаас мөнгө гуйх.
Хэрэв та онлайнаар ажил олж байгаадаа баяртай байгаа ч таны шинэ ажил олгогч танаас мөнгө гуйж байгаа бол хэзээ ч бүү зөвшөөр. Ийм төрлийн луйварчид таны байрыг “хөлслөх” эсвэл сургалтын курс эсвэл гэрчилгээ авахын тулд ажлын байрны баталгаа болгон мөнгө нэхдэг байна. Та хэзээ ч хийх ажлынхаа төлбөрийг урьдчилж төлөх ёсгүй. Жинхэнэ хууль ёсны ажил олгогч танаас ийм төрлийн төлбөр огт авахгүй гэдгийг санаарай.
4. Байшингийн эзэн танд байшингаа үзүүлж чадахгүй байгаа бол…
Сайн байршилтай, хүн амьдрахад тохиромжтой байр олох үргэлж хэцүү байдаг. Сүүлийн үед бодит газрын эзэн биш мөртлөө онлайнаар байрны эзэн мэтээр жүжиглэдэг луйварчид маш олон болжээ. Хэрэв танд үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж байгаа боловч хотод байхгүй, зөвхөн зураг/видео бичлэгээ хуваалцах боломжтой тул биет байдлаар харуулах боломжгүй/ байгаа орон сууцны эзэн холбогдох юм бол энэ нь луйвар байх өндөр магадлалтай. Ихэвчлэн эдгээр луйварчид таныг түрээс, барьцааны төлбөрөө төлсний дараа танд түлхүүрээ өгнө гэж амладаг боловч бодит байдал дээр тэд таны мөнгийг л авахыг хүсч байгаа юм.
5. Таны утасны интерфейс өөрчлөгдсөн.
Технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед бидний мэдээллийг хулгайлж, аюулд оруулахыг оролддог хүмүүс маш их болсон. Хүмүүс таны гар утсыг хакердсан шинж тэмдэгүүдийн нэг бол таны гар утас дээрх тэмдэг, сэдвийн өнгө, хэлбэр өөрчлөгдсөн (дээрх жишээг харна уу) зэрэг юм. Хэрэв таны гар утасны одоогийн интерфэйс дээр ямар нэг зүйл өөрчлөгдсөн байвал хакердуулсан байх магадлалтай.
6. Таны найз эсвэл дотны хүн асуудалд орсон гэдгээ онлайнаар мэдэгдэх.
Хэрэв таны найз эсвэл гэр бүлийн гишүүн танд асуудалтай байгаа тухай мессеж илгээж, яаралтай мөнгө явуулахыг хүсэх юм бол бүү хийгээрэй. Тэдний цахим хаяг хакердуулсан байх магадлалтай бөгөөд та санхүүгийн луйврын хохирогч болох эрсдэлтэй юм. Энэ тохиолдолд та заавал тухайн хүнтэй холбогдож асууж байгаарай.