Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өчигдөр болсон бөгөөд энэхүү чуулганд ЭМЯ, ДЭМБ, СЭМҮТ, ЦЕГ, МСЭМН, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцсон юм.
Тус чуулганы үеэр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн ерөнхий зөвлөх, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Манай улсын хувьд хүн амын нас баралтын шалтгааны есдүгээрт амиа хорлолт ордог. Энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудал зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Авир араншин, зан байдлын хувьд стрессээ даван туулдаг хүн байдаг ч эсрэгээрээ стрессээ тайлж чаддаггүй бие хүмүүс ч бий. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол нэн чухал.
Дэлхийн хэмжээний судалгаанаас харахад амиа хорлох оролдлого эмэгтэйчүүдийн дунд их байдаг мөртлөө амиа хорлосон байдал нь эрэгтэйчүүдэд өндөр хувьтай байгаа юм. Гэхдээ энэ нь улс орон болгонд харилцан адилгүй. Жишээ нь, Монгол Улсад жилд дунджаар 400 гаруй хүн амиа хорлодог талаарх судалгаа байдаг. Ялангуяа, 18-27 насныхны дунд өндөр үзүүлэлттэй.
Мэргэжлийн эмчийн хувьд хэлэхэд, сүүлийн үеийн залуус стрессээ даван туулах чадвараа сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хүн хоорондын харилцаа багасаж буй нь дээрх асуудалтай холбоотой” хэмээн мэдээлэл өгсөн юм.