Ховдчууд улсын шинэ аварга О.Хангайд 200 сая төгрөг, 7 өрөө байр, Ланд 300 автомашин бэлэглэлээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх Оргихын Хангай энэ жил шинээр Монгол Улсын аварга цол хүртсэн. Түүний цолны мялаалга наадам, талархал, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.

Энэ үеэр 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон Оргихын Хангайгаас гадна долоо давж Улсын заан цол хүртсэн Баярхүүгийн Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Батдоржийн Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Ж.Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Чулуудайн Батжаргал нар оролцсон бөгөөд Ховд нутгийн иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд тэдэнд хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагнал гардуулсан юм.

Энэ үеэр ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолт сонирхууллаа.

Мөн “Тарвас эвент” үйл ажиллагааны хүрээнд “Тарвасан дээрх сийлбэр” төрлөөр шилдэг бүтээл шалгаруулсан. Үүнээс онцлоход Улсын аварга О.Хангай тэргүүтэй алдартнуудын зургийг тарвасан дээр буулгасан байв.

Наадамд нийт 127 бөх барилдсанаас нутгийн бөх, Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Б.Серик, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном нар их шөвөгт шалгарчээ.