in

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн иргэдийг хүлээн авч уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар долоо хоног бүр тогтмол дүүргийн иргэдийг хүлээн авч уулздаг. Тэгвэл өнөөдөр /2022.02.16/ “Иргэдтэй хийх уулзалт”-ын хуваарийн дагуу дүүргийн 20 гаруй иргэнийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлыг нь сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Уулзалтад ирсэн иргэдийн олонх нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэр эрхлэлтийг дэмжих мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах, шаардлагатай арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Тухайлбал, БГД-ийн 10 дугаар хорооны иргэн С.Нямсүрэн өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 12 иргэний төлөөлөл болж уулзсан. Түүний хувьд өвлийн улиралд сүү цагаан идээ, хавар нарийн ногоо тариалж борлуулдаг.  Ингэхдээ “Барс” захын ард зардаг бөгөөд борлуулалт хийхэд хүндрэлтэй асуудал гардаг. Иймд дөрөвдүгээр сард нарийн ногоо борлуулах байршил хэрэгтэй байгааг онцоллоо. Дүүргийн Засаг дарга  өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг дээрх иргэдийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн удирдлагуудтай уулзуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

Дараа нь дүүргийн 3 дугаар хорооны иргэн Г.Цоггэрэл уулзсан. Тэрбээр чацарганы тариалан эрхэлдэг бөгөөд мөн л тулгамдаж буйгаа асуудлаа хэлж дэмжлэг хүссэн. Дүүргийн Засаг дарга энэ онд “Баянгол дүүрэг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Үйлдвэрлэл эрхлэгч дүүргийн иргэдээ дэмжинэ” гээд холбогдох хэлтсийн дарга нартай уулзуулж, дэмжиж ажиллах чиглэл өгөв.

Мөн ХААН банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 3X3 сагсан бөмбөгийн талбай байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, боломжтой бол хамтарч ажиллах, нийтийн эзэмшилд байдаг тодорхой байршлуудын судалгааг гаргаж өгнө үү гэсэн юм. Дүүргийн Засаг дарга нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд “Та бүхний одоо тавьж буй саналыг бид 100 хувь дэмжинэ. Та бүхэнд дүүрэгт байгаа байршлуудын мэдээллийг өгье. Мөн энэ онд дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. Тэгэхээр тодорхой байршлуудын талаарх мэдээллийг өгч болно” гэсэн юм. ХААН банкны төлөөлөл газрын байршлыг тодорхой болгочихвол 4-5 дугаар сардаа багтаан талбайгаа засаж дуусгаад хамтран спортын тэмцээн уралдаан зохион байгуулна гэв.

Дараа нь дүүргийн 7 дугаар хорооны иргэн, өндөр настан Д.Буяндэлгэр хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг бөгөөд олон улсын чанартай тэмцээнд удаа дараа амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг гаргасан. Удахгүй Япон улсад зохиогдох ахмадуудын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох учраас дүүргийн зүгээс дэмжиж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Дүүргийн Засаг дарга хүсэлтийг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

Түүнчлэн БГД-ийн 6 дугаар хорооны иргэн А.Оюунцэцэг дүүргийн 5 дугаар хороонд “Эрхэм чанар” портезийн үйлдвэрээс гадна 35 ортой сэргээн засах төвийг ажиллуулдаг. Нийт ажилчдын 50 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Гэвч сэргээн засах төв болон үйлдвэр нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн дуу чимээ их байдгаас эмчлүүлж ­байгаа иргэдэд хүндрэл учирдаг. Иймд үйлдвэрийн хашаанд тусгай чингэлэг тавьж, үйлдвэрлэлээ явуулах хүсэлтэй байна” гэсэн юм. Дүүргийн Засаг дарга асуудлыг сонссоны дараа Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдтэй уулзуулж, асуудлыг газар дээр  нь очиж яаралтай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

Дүүргийн Засаг дарга иргэдтэй уулзах хуваарийн дагуу 7 хоног бүрийн  ПҮРЭВ гарагт уулздаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАЖ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

Ө.Сумъяабаатар: Халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд гэр хорооллын бүсэд давс, бодисын нөөцөө сайн бүрдүүлээрэй