Баянгол дүүргийн Засаг даргын А/07 захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 2832 аж ахуйн нэгж байгууллагын 5888 иргэн энэ сарын 29-ний өдөр коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах, сар шинийн баярыг угтан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. “Хоггүй шинэлцгээе” уриан дор зохион байгуулсан энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, 25 хорооны Засаг дарга, ажлын алба, эмнэлэг болон цагдаагийн алба хаагчдаас гадна аж ахуй нэгж байгууллагууд, СӨХ-д, төрийн бус байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд нийт 125 га талбайд их цэвэрлэгээ хийж, 60 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлүүлсэн байна.
Түүнчлэн “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ-аас 30 машин, 30 жолооч, 58 ачигч зам талбайн 99 үйлчлэгч гээд нийт 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг их цэвэрлэгээнд нэгдэж зам талбай, жалга гуу, хөшөө дурсгал, замын хайс, гэрлийн шон, зам дагуу хайс болон автобусны буудлын сандал, бүхээгийг угаасан ба дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид хяналт тавьж ажиллалаа. “Хоггүй шинэлцгээе” их цэвэрлэгээний үеэр:
- Дүүргийн нутаг дэвсгэрт үй ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоодын 50 метр хүртэлх орчны цэвэрлэгээ үйлчилгээг хийж хогийн сав, гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэлээ.
- Байрнуудын орц болон лифтнүүдийг ариутгал, халдваргүйтгэлээ.
- Дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн алба өөрийн байрны ойр орчмын 50 метр Тамгын газрын баруун, хойно, зүүн талуудыг бүхэлд нь цэвэрлэж хог хаягдал, цас мөс зэргийг савлаж зориулалтын газар хүргэж хаяв.
- Мөн халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд Төр захиргааны 1, 2 дугаар байруудыг жавелинтай уусмалаар мананцар үүсгэгч төхөөрөмжөөр ариутгасан юм.