in

Ө.Сумъяабаатар: Дүүргийн төсөв, татварын орлого бүрдүүлэхэд анхаарч, улирал тутам төлөвлөгөө гарган ажиллана

Баянгол дүүрэг 2022 онд дүүргийн төсөв, татварын орлого бүрдүүлэхэд анхаарч, улирал тутам  төлөвлөгөө гарган гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахаар болсон. Улмаар энэ ажилтай холбогдуулан дүүргийн Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс болон Газар зохион байгуулалтын албаны удирдлагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулсан юм. Тэгвэл тус Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2022.01.25/ болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга 2022 оны дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд оны эхнээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлоод хэд хэдэн зүйлийг тодотгож онцолсон. Ингэхдээ “Манай дүүргийн хувьд онцлогтой. Томоохон худалдааны төвүүд их, худалдаа эрхлэгчид олонтой. Ерөнхийдөө худалдаа үйлчилгээ төвлөрсөн дүүрэг гэж болно. Иймээс дүүргийн төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Дүүргийн ЗДТГ-ын үндсэн, харьяа хэлтсийн дарга нар энд байгаа учраас Татварын хэлтсийнхэн татвар бүрдүүлэх тал дээр яаж хамтарч ажиллаж болохоор байна вэ саналаа хэлээрэй. Мөн 25 хорооны Засаг дарга болон ажлын албатай яаж хамтарч ажиллаж болохоор байна вэ. Бүгд чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцон оны эхнээс төлөвлөгөө гарган ажиллах болно” гэсэн юм.

Дараа нь  дүүргийн Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшин мэдээлэл өгсөн. Тэрбээр “Нэгдүгээр улиралд аж ахуй нэгжүүдээс өмнөх оны тайлан хүлээж авахтай холбоотойгоор татвар төлөлт бага байдаг. Гэхдээ 2, 3 дугаар улирлаас татвар нөхөгдөж ордог. Дүүргийн Татварын хэлтсээс татвар бүрдүүлэхтэй холбоотой холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэсэн юм. Мөн дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга нар хариуцсан нэгжийнхээ талаар товч мэдээлэл өгч, татвар бүрдүүлэхтэй холбоотой хийж буй ажлаа танилцуулсан. Ингэхдээ сүүлийн хоёр жилд цар тахал гарснаас үүдэн ковидын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, татвар төлөгчийн боловсролыг дээшлүүлэх,  цахим хэрэглээнд дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Мөн татвар бүрдүүлэхийн тулд өмнөх онуудын татварын өртэй аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгжид нэхэмжлэл илгээсэн. Үүнээс гадна татвар төлөгч иргэд, аж ахуй нэгжүүд рүү цахим шуудан, масс мессеж илгээх, сургалт зохион байгуулах гээд холбогдох арга хэмжээг авч байна. Татвар бүрдүүлэлтийн орлогыг нэмэхийн тулд дүүргийн ЗДТГ-ын үндсэн хэлтсүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улмаар талууд дүүргийн 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг оны эхнээс жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар харилцан санал солилцож, эхний ээлжинд 4 арга хэмжээг авахаар санал нэгдлээ. Үүнд:

Нэгдүгээрт, дүүргийн 25 хороонд шинэчилсэн бүртгэл хийхээр боллоо. Учир нь, Татварын алба тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг, үл хөдлөх хөрөнгөө түрээсэлдэг томоохон татвар төлөгчдийн талаарх мэдээлэл хомс байдаг. Тэгвэл хороод дээр шинэчилсэн бүртгэл хийснээр томоохон татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх, татвар төлөгчийн мэдээллийн санг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Хоёрдугаарт, зах, худалдааны төвүүдэд И-баримт олгох ажлыг идэвхжүүлэх. Баянгол дүүрэгт худалдаа үйлчилгээний төвлөрсөн төв, захууд олноор ажилладаг. Гэвч лангуу түрээслэгчид болон бизнес эрхлэгчид иргэдэд И-баримт хэвлэж өгөхгүй байх зөрчил цөөнгүй бүртгэгддэг байна.

Гуравдугаарт, дүүргийн хэмжээнд газар эзэмшигч иргэн,  аж ахуй нэгжүүдтэй гэрээ сунгах, хугацаатай газрын төлбөр төлөх мэдэгдлүүдийг түгээж ажиллахаар болж санал нэгдлээ. Учир нь газрын төлбөр нь улирлын чанартай бөгөөд тухайн эзэмшигч нарт мэдэгдэл хүргүүлэх зэргээр дотоод нөөц боломжоо дайчилж ажилласнаар энэ тал дээр тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзлээ.

Дөрөвдүгээрт, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг сар болгон Татварын хэлтэст хүргүүлэхээр болоо. Ингэснээр Татварын хэлтэс уг дата мэдээлэл дээр үндэслэн тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчид татвар ногдуулах боломжтой гэж үзсэн юм.

Тус ажлын хэсэг цаашид улиралд нэг удаа хуралдаж, татварын гүйцэтгэл, төлөвлөгөө ямар байгаа талаар мэдээлэл сонсож харилцан санал солилцож байхаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Баянголчууд “Хоггүй шинэлцгээе” урианд нэгдэж 125 га талбайд их цэвэрлэгээ хийн 60 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлүүллээ

Зорилтод өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ