Паста болон шарсан төмсийг амтлах “бяслагтай соус” хийх арга

Бид та бүхэндээ үргэлж хамгийн амттай болоод хэрэгцээтэй хоолны жорыг хүргэхийг хичээдэг. Энэ удаад хамгийн амттай бяслагтай соус хэрхэн бэлтгэх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Паста хийхдээ эсвэл шарсан төмсөө дүрж идэхдээ ч ашиглаж болно. Ер нь хийгээд тавьчихвал хүссэн бүхнээ л дүрээд, амтлаад идэж болно шүү дээ. Ингээд хамтдаа бяслагтай соус бэлтгэх аргыг сурч авцгаая.

Орц:

  • Гурил – 2 халбага
  • Сүү – 1 аяга
  • Масло – 50 гр
  • Ургамлын тос
  • Давс
  • Перец
  • Үрсэн бяслаг – 200 гр
  • Базилик

Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж халаагаарай. Үүндээ гурилаа хийж хуурна. Алтан шаргал болоод ирмэгц нь сүүгээ хийгээрэй. Буцлах хүртэл нь сайтар хутгах хэрэгтэй. Эс бөгөөс гурил бөөгнөрч мэдэх юм.

Буцалмагц нь бяслагаа хийнэ. Мөн л зөөлөн хутгах ба бяслагаа хайлаад ирмэгц маслоо нэмж ахин хутгаарай. Ингээд соусаа гал дээрээс авч өөрийн мэдрэмжээр давс болон перец, базилик зэргээ хийж амтална.

Ийм хялбархан бөгөөд амттай жороор бяслагтай соус заавал хийж үзээрэй. Мөн шарсан төмсөө үргэлж кетчупэнд дүрэхийн оронд бяслагтай соусаа өөрөө бэлтгэж, хайртай гэр бүлийнхээ дайлаарай. Үнэхээр амттай байх болно.