Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва өнөөдөр Баянгол дүүргийн Шуурхай штабт ажиллалаа.
Энэ үеэр Баянгол дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч С.Жанузак нар Шуурхай штабын үйл ажиллагаа болон коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар сүүлийн үед батлагдсан халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа гэдгийг онцлоод оны өмнө шинжилгээ өгсөн нийт хүний 10-20 хувьд халдвар илэрч байсан бол өнөөдөр 50 хувьд хүрсэн. Дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүд бүх боломж нөхцөлөө дайчлан иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 65 хувьд хүрсэн бол IV тунд 6000 гаруй иргэн хамрагдаад байна” гэсэн юм.
Мөн дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах талаар нөлөөллийн ажлуудыг шат дараатай хийж байна. Тухайлбал, ковид-19 халдварын үед ямар арга хэмжээ авах болон нэмэлт дархлаажуулалтын ач холбогдлын талаар 6 цуврал шторк бэлтгэж дүүргийн хэмжээнд бүх хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн албан ёсны цахим хуудсуудаар олон нийтэд хүргэж ажиллаж байна. Мөн нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд гурван худалдааны төвд түр дархлаажуулалтын цэг нээхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар “Хархорин” болон “Соломалл”/ 3,4 дүгээр хороолын эцэст/ худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг нээн ажиллуулж байна. Түүнчлэн Тандалт, шуурхай хариу арга хэмжээний баг болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхийн тулд дүүргийн Шуурхай штаб болон Онцгой комисс бүх талаар нь дэмжин ажиллаж байгаа. Иргэддээ эрүүл мэндийн тусламж, зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багууд дээр дотоод боломжоо ашиглан сургууль, цэцэрлэгийн эмч нарыг татан оролцуулж ажиллаж байна” гэв.
Энэ үеэр НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн сайн ажиллаж байгаа гэдгийг онцлоод цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд,
- Эрүүл мэндийн төв тэр дундаа улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдынхаа хүний нөөцөд байнга анхаарал хандуулж ажиллах
- Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн хүний нөөц, машин техникийн бэлэн байдлыг хангах
- Томоохон зах худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэгүүдийг нэмэгдүүлэх
- Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ковид-19 халдварын ойрын тохиолдол болсон бол өөрийгөө хэрхэн тусгаарлах, түүнээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан бол гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх, өвчлөөд эдгэрсэн бол ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргаж, Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөд онцгой анхаарч зохион байгуулалт хийх, ор зохицуулалтын эрэмбэлэн ангилалтыг зөв оновчтой зөв хийж ажиллаарай гэсэн юм.