“Наран” ЕБС-ийн багш ажилчид, сурагчдын зүгээс “Өгөөмөр гар” сайн үйлсийн аяныг өрнүүллээ

Улсын тэргүүний “Наран” ерөнхий боловсролын сургуулиас жил бүр “Өгөөмөр гар” хандивын аяныг долоо дахь жилдээ өрнүүлж байна. Тус аян нь хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажлын хөтөлбөрийн хүрээнд “Сурагчдыг нинжин сэтгэлийг эрхэмлэгч, хүмүүнлэг бусдыг хүндэтгэх үзэлтэй иргэн” болгож төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ жил “Наран” ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 535 сурагч, сургуулийн нийт багш, ажилчид, сургуулийн дэргэдэх “Аминсар” цэцэрлэгийн багачууд дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 63 төрлийн 2450 гаруй хичээлийн хэрэгсэл, хувцас зэргийг дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээлгэн өглөө. Түүнчлэн сайн үйлсийн аяны хүрээнд БГД-ийн “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын 271 ажилтанд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, Насан туршийн боловсролын төвийн хоёр багшид мөнгөн тусламж үзүүлсэн юм.