БГД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссоос ӨЭМТ-ийн эмч нарын чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа

Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комисс Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт зориулан “Аутизмын хүрээний эмгэг-Эмнэлзүйн шинж тэмдэг” сэдвээр сургалтыг өнөөдөр (2021.12.15) зохион байгууллаа. Сургалтад зочин багш, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АУ-ны доктор Б.Амгалан мэргэжлийн зөвлөн туслах сургалтыг зохион байгуулж, хамтрагч байгууллагаар “Матери Медика” эмийн байгууллага ажиллалаа.

Баянгол дүүргийн хэмжээнд байнгын 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 640 гаруй нь байнгын асаргаанд байна. Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд 430, цэцэрлэгт 130 гаруй тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд хамрагдан суралцаж байгаа юм.

Тус комисс нь долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байнгын үйл ажиллагаатай ажиллаж, сар бүр 2-оос доошгүй удаа хуралдааныг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

2021 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн салбар комисстой хамтран:

  • Сургууль цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулан, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамран сургах, хөгжих тохируулгат орчныг бий болгох зорилгоор Баянгол дүүргийн ЗДТГ- Нийгмийн хөгжлийн хэлтсээс ерөнхий боловсролын 13, 73, 141 дүгээр сургуулиудад, 87, 164 дүгээр цэцэрлэгт “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулж байна.
  • Мөн сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хэвтэрт байгаа, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 100 хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрийн эргэлтийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийг ойлгох харилцаа хандлага төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулан анимэйшн бүтээлийг нийтийн хүртээл болголоо.
  • Баянгол дүүргийн Салбар комиссын хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг байнгын мэдээллээр хангаж хамтран ажиллах зорилгоор дүүргийн 8-р хорооны 3 давхрын 301 тоот өрөөг засварлан Хурлын өрөөтэй болгоод байна.