in

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 4, 16, 32 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дэд бүтэц, орчны тохижилт, СӨХ-ны үйл ажиллагааны чиглэлээр дүүргийн 4, 16, 32 дугаар хорооны иргэдийн төлөөлөлтэй батлагдсан хуваарийн дагуу уулзлаа.

Уулзалтад дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга иргэдийн санал хүсэлтийг сонсож, шууд шийдвэрлэх боломжтой асуудлыг холбогдох мэргэжилтнүүдийг нь байлцуулан шийдвэрлэлээ.

Тухайлбал, дүүргийн 4-р хороо, 6А байрны оршин суугчдын төлөөлөл болон 32-р хорооны 12-р байрны иргэдийн төлөөлөл байрны гадна фасад хийх шаардлагатай байгааг онцоллоо. Тодруулбал, 4-р хорооны 6А байр нь 30 орчим жилийн өмнө ашиглалтад орсон хуучны угсармал байр бөгөөд дулааны алдагдал ихтэй, барилгын хананд цууралт үүссэн, дээврээс нь ус гоожих зэргээр хүндрэлтэй асуудал тулгардаг гэсэн юм. Мөн 32-р хорооны 12-р байрны иргэдийн төлөөлөл “Манай байр нь 9 орцтой, төв зам дагуу байдаг учраас дулааны алдагдал ихтэй. Иймээс дулаалга фасад хийлгэх саналтай байна” гэсэн бол дүүргийн 16-р хорооны иргэдийн төлөөлөл “Эв нэгдэл-31” СӨХ-ны байрны цахилгаан шатыг засварлуулах, хог татан авалтыг сайжруулах шаардлагатай байна гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга энэ үеэр “Манай дүүргийн 80 гаруй хувь нь байшин хороолол. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 1000 гаруй орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 280 орчим байр бий. Манай дүүргийн хувьд сүүлийн хоёр жилд байрны фасад дулаалга засварын ажлыг сайн хийсэн гэж хэлж болно. Учир нь 2016-2020 оны хооронд дүүргийн хэмжээнд 20 орчим байранд фасад дулаалгын ажил хийсэн байдаг. Харин сүүлийн хоёр жилд дүүргийн хэмжээнд нийт 30 байранд фасад дулаалгын ажлыг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Байрны дулаалга хийх өртөг өндөр байдаг. Энэ хөрөнгийг манай дүүргээс сонгогдсон УУХҮ-ын сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 8,2 тэрбум, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1 тэрбум, нийслэлийн төсөв, төсөл хөтөлбөрүүдээс 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгасан. УИХ-ын гишүүд болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувь нэмэр маш их. Мөн та бүхэн нэг зүйлийг ойлгоорой. Та бүхний амьдарч байгаа байр бол хувийн өмч. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүгдийг нь дулаалаад, дээвэр болон цахилгаан шатыг засварлах боломжгүй. Иймээс та бүхэн СӨХ-тойгоо маш сайн хамтарч ажиллах, хяналт тавих шаардлагатай. Өөрсдийн хураалгаж байгаа мөнгөнөөсөө хуримтлал үүсгэж байрны фасад дулаалга, дээвэр болон цахилгаан шатаа засварлах боломжтой. Та бүхэн оршин суугчийн хувьд үүнийг шаардах эрхтэй. Мэдээж та бүхнээс гарч байгаа саналыг бид хүлээн авч судалгаа хийгээд боломжтой арга хэмжээг шат дараатай авч ажиллах болно” гэсэн юм.

Түүнчлэн 4-р хорооны оршин суугч Б.Бямбасүрэн 157-р цэцэрлэгийн баруун талд байсан 23 гараашийг буулгасан. Энэ талбай дээр иргэд оршин суугчдад зориулсан далд автомашины гарааш, тохижилтын ажил хийх шаардлагатай байна гэсэн бол  “Монгол ахмад мастеруудын биеийн тамир спортын хороо” ТББ-ын тэргүүн  дүүрэгт ахмадуудад зориулсан спортын талбай хэрэгтэй байгааг онцоллоо.

Дүүргийн Засаг иргэдийн санал хүсэлтийг сонссоны дараа холбогдох мэргэжилтнүүдэд иргэдийн ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажиллахыг үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

БГД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссоос ӨЭМТ-ийн эмч нарын чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Их нүүдэл” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа