Жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг Орчлонгийн Мисс буюу (Miss Universe) тэмцээн энэ долоо хоногт АНУ-ын Луйзиана мужийн Нью-Орлеанз хотод зохион байгуулагдаж байна.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Тайландын мисс Анна Суеангам-Ям өмссөн даашинзаараа олны анхаарлын төвд ороод байна.
Анна уг тэмцээний үдшийн даашинзын үзүүлбэрт оролцохдоо лаазтай ундааны тагнуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзтай оролцжээ.
“Нууцлаг Эрдэнийн Даашинз” нэртэй энэхүү хувцсыг лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урлажээ.
Анна энэхүү хувцасныхаа талаар:
“Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэхүү даашинзыг бүтээсэн юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн овоон дунд өнгөрч байв. Энэхүү өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүмүүсийн үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнг агуулдгийг Орчлон ертөнцөд таниулах зорилготой юм. Үүнийг харсан, сонссон хүмүүст баярлалаа. Хэлэх гэсэн санаа минь хүмүүст хүрсэн гэдэгт найдаж байна” хэмээн бичжээ.
Miss Thailand албан ёсны сошиал хуудсанд “Хэдийгээр түүнийг зарим хүмүүс хогийн цэгийн хатан хаан гэж хочилдог ч энэ нь түүнийг үнэт эрдэнэ мэт гялалзахад саад болоогүй юм” гэж бичсэн байна.
Өдгөө 24 настай Тайландын мисс нь Бангкок хотын хогийн цэг дээр төрж, өссөн байна. Охиныхоо ирээдүйг бодсон эцэг эх хоёр нь түүнийг хогоос холдуулж, сүмд ажиллуулж, амьдруулахаар илгээж байсан гэнэ. Тэрбээр Буддын шашны гэлэнмаа нарын дунд амьдарч, тэдний хоолны үлдэгдлийг идэж амь зогоодог байсан аж.
Анна сургуульд сурах төлбөрөө олохын тулд цусны донор болж, хуванцар сав лонх цуглуулж, нийтийн ариун цэврийн өрөө цэвэрлэх ажил хийдэг байжээ.
Тэрбээр өнгөрсөн хүнд хэцүү үетэйгээ адил ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.