Сэвсгэр, зөөлхөн нарийн боов хийх амтат жор

Шинэхэн талхны үнэр гэрээр нэг тархаж, хамар цоргиох нь хэчнээн сайхан бэ? Таны ч бас хүүхэд насны дурсамжинд энэ үнэр байгаа гэдэгт итгэлтэй байна. Биднийг багад ээж болгон л амттай талх, боов гэртээ хийж, сайхан дурсамжийг бүтээж өгсөн байдаг. Тэгвэл ээж та хүүхдэдээ амттай нарийн боов, талх хийж өгдөг үү? Үргэлж үйлдвэрийн боов авахын оронд өөрийн цаг заваа тааруулж байгаад зөөлхөн, сэвсгэр, сайхан амттай нарийн боовыг хүүхэд болон хайрт ханьдаа хийж өгөөрэй. Гэр бүлийн дулаан уур амьсгал үүнээс л эхэлдэг шүү дээ.

Орц:

  • Гурил – 350 гр
  • Тараг – 300 гр
  • Масло – 1 халбага
  • Элсэн чихэр – 2 цайны халбага
  • Хүнсний сода – 2 цайны халбага
  • Давс – 1.5 цайны халбага

Бэлтгэх арга:

  • Тараг болон маслоо хольж сайтар хутгана.
  • Гурилан дээрээ хүнсний сода, элсэн чихэр, давс зэргээ хийж холиорой.
  • Одоо дээр нь тарагаа хийж, гурилаа зуураарай.
  • Зуурсан гурилаа дулаан газар тавьж, 30 минут амраана.

  • Одоо гурилаа гаргаж тавиад, 8-10 тэнцүү хэсэгт хуваагаарай.
  • Хэрэв та боовоо илүү амттай болгохыг хүсч байвал дотор нь багахан элсэн чихэр, хатаасан жимс, ваниль зэргийг өөрийн амталгаагаар хийгээд ороож болно.
  • Ингээд бэлтгэсэн боовоо шарах шүүгээний тавцан дээр тавьж өрөөрэй. Ингэхээс өмнө тавцан дээрээ калькин цаас дэвссэн байх хэрэгтэй шүү.

  • 210-220 хэмд 20-25 минут жигнэж гаргаарай.
  • Ингээд л таны амттай нарийн боов бэлэн болж байгаа юм.

Өглөөний цайндаа хайртай гэр бүлийнхэндээ өгөөрэй. Гэрийнхнээ амттай цайгаар үдэж гаргах шиг сайхан зүйл хаана байх билээ.