Стейк хийх хамгийн хялбар бас амттай арга

Амралтын өдөр цаг зав их учраас гараа гаргаж, амттай оройн зоог бэлтгэмээр санагддаг уу? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ үхрийн махан стейкийг санал болгож байна. Ресторанд л амттай стейк хийдэг гэж бодож байвал ёстой том эндүүрэл шүү. Та хялбархан аргаар хамгийн амттай стейкийг гэртээ хийж болно. Одоо хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Үхрийн цул мах – 1 кг
  • Сонгино – 1 кг
  • Сармис – 4 хумс
  • Ургамлын тос – 100 мл
  • Халуун чинжүү – 1 халбага
  • Давс болон перец – амталгаагаар

Махаа дөрвөн тэнцүү хэсэгт буюу 250 гр-аар хуваана. Сонгиноо бүгдийг нь хальсалж, нимгэн дугуй хэлбэртэй хэрчээрэй. Сармисаа мөн хальслаад, үрэх бөгөөд үүнийгээ тос, давс перецтэй хольж базна.

Сонгиноо саванд хийж, тосонд хуураарай. Өндөр гал дээр 5 минут орчим хуурч зөөлрүүлэх бөгөөд дээр нь халуун чинжүүгээ цацаж, амтлаарай. Одоо гал дээрээс авна.

Махаа сармистай хольсон давс, перецээр амталж амраагаарай. Дараа нь хуурсан сонгиныхоо талыг авч, махаа тавиад, дээр нь үлдсэн сонгиноо тавьж хучна. Ингээд 2 аяга ус хийж, галаа багасгаад, тогоогоо таглаж, 1.5 цаг чанаарай.

Таны амттай зөөлхөн стейк бэлэн боллоо. Үүнийг та төрөл бүрийн ногоотой хольж идэх боломжтой төдийгүй ингэж сонгинотой хамт чанаж болгосноор илүү сайхан амттай болж байгаа юм.