Киноны дуу оруулалтыг хийхийн тулд ашигладаг хачирхалтай зүйлс

Аймшигт мангасын архирааныг гаргах гэж өхөөрдөм шаар ашиглах, бороо орж байгаа чимээг гаргах гэж, гахайны мах шардаг гэвэл сонин байна уу? Бидний үзэх дуртай киноны дуу оруулалтыг ингэж хийдэг байх юм. Хачирхалтай боловч энэ нь үнэн. Таныг гайхшруулах илүү олон зүйлс хүлээж байна. Хамтдаа сонирхоцгооё.

Мангасын архираан – шаар үрэх

Янз бүрийн мангасын архирааны чимээг гаргахдаа үлээсэн шаарыг үрж, хяхнах чимээ гаргадаг байна. Энэ нь мангасын утга учиргүй гаргах чимээтэй адил сонсогддог аж.

Ус асгарч буй чимээ – гахайн мах шарах

Борооны чимээг оруулахын тулд заавал цаг агаар муудахыг хүлээж суудаггүй аж. Харин оронд нь мэргэжлийнхэн гахайн мах шарж, үүнээс гарах чимээг, борооны чимээ болгон ашигладаг байна.

Бяцарч, эвдэрч буй чимээ – цоохор майлз

Аварга том биетний хөлд үрэгдэж, хугарч, бяцрах зүйлсийг цоохор майлзыг хугалах чимээгээр орлуулдаг байна. Энэ нь яг л ижилхэн дуугарах учир та ялгааг нь олж чадахгүй.

Морины давхих чимээ – кокос

Хатаасан кокосыг хатуу гадаргуу дээр тогшиход энэ нь морины давхиж буй чимээтэй адилхан сонсогддог.

Нум сумаар харвах чимээ – хулс

Зураг авалтын үеэр нум сумны харвах чимээг барьж авна гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс үүнийг орлуулж хулс модыг ашигладаг байна. Микрофоны өмнө хулсыг нааш цааш хурдан хөдөлгөхөд, нум сумны харвах чимээ гардаг аж

Буун дууны чимээ – үдээсний буу

Буун дууны чимээг гаргахдаа үдээсний бууг ашигладаг байна. Мэдээж үдээсний буунаас гарах чимээнд бага зэрэг эффект оруулж, дууг нь чанга болгодог.

Цасан дээгүүр алхах чимээ – цардуул

Шинэхэн цасан дээгүүр алхах үнэхээр таатай сонсогддог. Тэгвэл энэхүү чимээг гаргахдаа цардуул ашигладаг байна. Том хэмжээтэй саванд ахиухан цардуул хийж, үүн дээрээ тусгай гутал өмсөөд алхаж, цасан дээр гишгэх чимээг гаргаж авдаг аж.

Аянгын чимээ – хөнгөн цагаан хуудас

Бодит дуу чимээ гаргахад янз бүрийн объектыг ашиглаж болох ба тэдгээрийн нэг нь хөнгөн цагаан тугалган цаасаар хийсэн асар том хуудас юм. Микрофоны өмнө сэгсэрч, чимээ гаргасанаар энэ нь хүчтэй аянга цахилгааны дуу чимээ болон хувирдаг байна.

Цохих чимээ – мах

Цохих, зодож байгаа чимээг гаргахын тулд мэргэжлийнхэн махыг ашигладаг. Махыг хатуу гадаргуу дээр унагаж, тус чимээг гаргадаг гэнэ.

Савлуур – зэвэрсэн нугас

Зэвэрсэн нугасыг ашиглаж, хаалганы хяхнах чимээ, савлуурын чимээ зэргийг гаргаж болдог.

Үнсэлт – гар болон уруул

Романтик үнсэлтийн чимээг гаргахын тулд мэргэжлийнхэн гараа үнсдэг байна. Илүү бодитой болгохыг хүсвэл урууландаа багахан ус түрхэж, дараа нь гараа үнсдэг.

Унах чимээ – номнууд

Том хэмжээтэй номнуудыг газар шидэж унагах үед гарах чимээг кинонд унаж буй хүний гаргаж буй чимээний оронд ашигладаг.

Өндөг хагалах чимээ – зайрмагны печень

Зайрмагны хатуу печенийг өндөг хагалах чимээ гаргахад ашигладаг. Энэ нь хатуу учир хугалахад яг л өндөг хагарч буй мэт чимээг гаргадаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!