Гэрийн тань аль хэсэг замбараагүй байдаг вэ? Энэ нь таны нуугдмал сэтгэлзүйн асуудлыг ил гаргана

Хүнийг хийж байгаа ямар ч үйлдлээр нь шинжиж болно. Ялангуяа гэрээ хэрхэн цэвэрлэж байгаа, аягаа угаах дургүй юу, хувцсаа эвхэх дургүй юу зэргээс хамаарч таны дотоод мөн чанарыг тодорхойлох бүрэн боломжтой. Та шинэхэн танилцсан хүнээ чухам ямар хүн болохыг мэдэхийг хүсч байвал гэрт нь зочлоорой.

Бүх бохир хувцсаа шүүгээ, савандаа чихэж нуудаг

Зөвхөн харагдах хэсгийг өнгөцхөн цэвэрлэдэг хүмүүс байдаг. Гэрт нь орж ирэхэд бүх зүйлс цэгцтэй, цэвэрхэн харагдах ч, тэдний шүүгээ онгойлгоход замбараагүй чихсэн хувцас нь нурж, гайхшруулна. Ийм хүмүүс нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийнхөө сайн сайхан талыг л гаргаж, үнэн төрхөө үзүүлдэггүй.

Тэр өөрсдийнхөө үнэн төрхийг зөвхөн өөрсдөө л мэднэ. Бусдын хэл амнаас айдаг бөгөөд өөрийгөө зөв бас төгс байлгах гэж хэт хичээх нь сайхан багны цаана стрессдэж амьдрахад хүргэнэ.

Ямар ч засвар хийлгүйгээр, байшиндаа амьдардаг

Ханын цааснууд нь урагдаж, хаалга цонх нь хяхнаж, зэвэрсэн яг л хүн амьдардаг юм болов уу гэж бодоход хүргэх хуучин байшинд амьдардаг хүмүүс байдаг. Тэдэнд байраа засч, шинэ мэт болгох хүсэл сонирхол огт байдаггүй. Ийм зан чанартай хүмүүсийн амьдралд хандах хандлага ч адилхан байдаг. Бусдад найдаж, хэн нэгэн амьдралд нь орж ирээд бүхнийг өөрчилж, сайхан тал руу нь эргүүлнэ хэмээн итгэж явдаг. Өөрөө хийж бүтээхээс илүү, хэн надад хийж бүтээж өгөх бол гэж хүлээдэг төрлийн хүмүүс.

Ажлын байр нь замбараагүй

Зарим хүмүүс бүх баримтуудаа ялган ангилж, тус тусад нь саванд хийж цэгцэлдэг. Харин зарим нь бүгдийг нь хольж, ямар ч замбараагүй суудаг. Ингэж ширээн дээрээ бүхнээ овоолж, замбараагүй суудаг хүмүүс бол бүтээлч сэтгэлгээтэй, задгай сэтгэхүйтэй.

Тэдэнд энэ бүхнийг цэгцэлж суухын оронд арай өөр зүйлсийг бодож, ажилдаа төвлөрөх нь илүү чухал. Ажлаас өөрийг онцгойлон бодоод байдаггүй төдийгүй дуртай зүйлээ хийж, мөнгө олдог хүмүүсийн нийтлэг төлөв байдал иймэрхүү байдаг.

Хогийн сав нь хогоор дүүрэн, угаалгын машин нь бохир хувцсаар дүүрэн

Цэвэрлэгээнд дуртай хүн хэр олон бол? Ихэнх хүмүүс зайлшгүй шаардлагаар л үүнийг хийдэг. Гэхдээ угаалгын машинаа хувцсаар дүүргэж, өмсөх хувцасгүй болсон үедээ л үүнийгээ анзаардаг хүмүүс олон. Энэ нь тухайн хүний хайнга, анзааргагүй болоод өөрийн бодолдоо үнэнч зан төрхийн илэрхийлэл болдог. Тэд үүнийг хүндээр хүлээж авахгүй бөгөөд олон зүйлс бодож толгойгоо гашилгах дургүй. Хөнгөн хэмнэлд бүжиглэж, хүйтэн зайрмаг идэж хэвтэх нь тэдний ямар хүн болохыг илэрхийлж чадна. Эрх чөлөөг утгаараа мэдрэх дуртай, бусдын үгэнд автаад байдаггүй, чөлөөтэй хүмүүс.

Хэн ч амьдардаггүй мэт санагдах гэр

Ихэнх тохиолдолд байр түрээслэж, богино хугацаагаар амьдарч байгаа хүмүүсийн гэр иймэрхүү сэтгэгдэл төрүүлдэг. Тавилга багатай, хоосон бөгөөд тэнд амьдардаг хүмүүс ч, зөвхөн унтахдаа л орж ирдэг.

Харин өөрийн мөнгөөрөө худалдаж авсан гэр нь тавилга гэж бараг үгүй, хоосон хөндий сэтгэгдэл төрүүлдэг төдийгүй тухайн хүн гэртээ ихэнх цагаа өнгөрүүлдэг бол түүнд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байна гэж үзэж болно. Энэ нь түүний ганзаардал ямар гүн гүнзгий байгааг илэрхийлнэ. Өөрийг нь тайтгаруулах, хайр халамжийг мэдрүүлэх хэн нэгнийг хүлээж суугаа бяцхан хүүхэд мэт.

Гал тогоо нь үргэлж бохир байдаг

Гал тогоо нь гэрийн хамгийн цэвэр газар байх ёстой, яагаад гэвэл энэ нь бидний биед орох хоол хүнсийг бэлтгэдэг газар. Тосны толбо, хоолны үлдэгдэл, кофе, цайны толбонууд гээд л энэ бүхэн нь гал тогоог муухай харагдуулахаас гадна бидний эрүүл мэндэд ч хортой. Цэвэрлэх дургүй хүмүүс хүртэл аюулгүй байдлаа хангах үүднээс гал тогоог цэвэр байлгахыг хичээдэг. Гэсэн хэдий ч бохир гал тогоотой хүмүүс байдаг.

Заримдаа асуудал бол зөвхөн залхуурал биш юм. Олон тооны судалгаагаар гэрээ ховорхон цэвэрлэх нь сэтгэлийн хямралын нэг шинж тэмдэг болохыг баталсан. Хүмүүс гэр орноо цэвэрлэх эрч хүчгүй байдаг, энэ нь чухал гэж боддоггүй, магадгүй өөрсдийгөө хангалттай үнэлдэггүй, цэвэр газар амьдрах нь зохимжгүй гэж боддог. Цэвэрлэлээ гээд яана гэж, хэн харна гэж, хэн талархана гэж, бохирдлоос болж өвдөөд яах юм, хэн намайг өвдлөө гэж санаа тавьна гэж, эрүүл байгаад яах юм гэхчлэн сөрөг бодлоор тархиа дүүргэсэн хүмүүсийн гаргадаг үйлдэл аж.

Угаалгын өрөө нь бохир

Шампунийн зар сурталчилгаа нь ихэвчлэн угаалгын өрөө нь бүх асуудлаа мартаж, бүрэн тайвшруулж болох газар гэж харуулдаг. Энэ нь үнэн: халуун ус эсвэл хүйтэн шүршүүр нь бидний мэдрэмжинд асар их нөлөө үзүүлдэг. Өөр өөр үнэр нь биднийг сэрээж, давс, эфирийн тос зэрэг нь бидний арьсны байдал, дотоод эрхтний үйл ажиллагааг сайжруулж өгдөг.

Угаалгын өрөө рүү ганц шагайгаад л тухайн хүний сэтгэл зүйн байдлыг мэдэж болно. Цэвэрхэн угаалгын өрөө нь тухайн хүн үүнийг тогтмол ашигладаг гэсэн юм. Шүршүүрийн гель, өөр тос, чанартай шүдний оо, нүүрний тос, биеийн тос зэрэг нь тэр өөрийгөө халамжилдаг болохыг илтгэнэ. Харин угаалгын өрөөнд нь оо-ноос өөр зүйл байдаггүй бол түүнийг сэтгэл санааны хувьд асуудалтай, өөртөө төдийлөн анхаарал хандуулдаггүй болоод гаргуунд гаргасан хэмээн ойлгоход буруудах зүйлгүй.

Хэтэрхий олон эд зүйлтэй

Танай гэрт хэн ч хэрэглэдэггүй боловч байгаад л байдаг эд зүйлс байдаг уу? Хаях гэхээр зориг хүрэхгүй учир зүгээр л хадгалаад л байдаг. Тийм бол энэ нь тухайн хүнийг хуучинсаг үзэлтэй, өөрчлөлтөнд дургүй болохыг хэлж өгч байгаа хэрэг. Харин үүнийг муу талаас нь харвал мэдрэлийн өвчин болж хувирах юм. Хэнд ч хэрэггүй зүйлсийг гэртээ авчирч, цуглуулж, хаяж чадахгүй овоолох нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг аж.

Хэт цэвэрхэн гэр

Зарим зүгээр цэвэрхэн гэрийг ч цэвэрлэж, ахин дахин цэвэрлэж суудаг. Гэр нь шил толь мэт гялалзаж, орж ирсэн хүмүүс юманд нь хүрэхээс ч эмээх сэтгэгдэл төрүүлнэ. Тэгвэл хэт төгс байдлыг эрхэмлэдэг хүмүүс мөн л сэтгэл зүйн хувьд бага зэрэг асуудалтай байж мэдэх юм. Зарим хүмүүс сэтгэл санаагаа дээрдүүлэх, асуудлаа мартах гэж цэвэрлэгээ хийж, анхаарлаа сарниулахыг хичээдэг. Энэ мэтчилэн цэвэрлэгээ нь сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх нэгээхэн арга болох нь бий.