Ордуудад баяжихад юу саад болдог вэ?

Хангалттай хэмжээний мөнгө олж байгаа ч, хурааж хуримтлуулсан зүйлгүй нэг л болж өгөхгүй байна уу? Миний эргэн тойронд ийм асуудалтай хүмүүс өч төчнөөн байдаг. Гэтэл энэ нь тэдний орд зурхайтай холбоотой байдаг аж. Орд ордны хүмүүст баяжиж, хөрөнгөтэй болоход нь тулгардаг тус тусын асуудал байдаг гэнэ. Эдгээрийг анхааралдаа аваад, өөрийгөө хянаж чадвал баяжих тийм ч хэцүү биш аж. Ингээд хамтдаа орд ордонд мөнгөтэй болоход ямар асуудал тулгардаг болохыг мэдэж авцгаая.

Хонины орд

Тэд галыг дүрсэлдэг. Тийм ч учраас олсон мөнгөө дүрэлзэн асах галтай адил тэр дор нь хэрэглээд дуусчихдаг. Олж чаддаг ч, хадгалж чаддаггүй. Үрэлгэн зан нь тэднийг баяжихад хамгийн том саад болдог. Амжилтанд амархан хүрч, карьертаа амжилттай байх бүрэн дүүрэн боломжтой ч, бодлогогүй зан, хайхрамжгүй байдлаасаа болж алдах нь бий.

Үхрийн орд

Болзошгүй нөхцөл байдалд зориулсан мөнгө тэдэнд их бага нь хамаагүй ямартай ч байдаг. Нэг ёсондоо араа боддог, алсын ухаантай хүмүүс. Эрсдэлтэй алхам хийх тал дээрээ бага зэрэг асуудалтай тул мөнгөө өсгөхөөс хадгалахыг илүүд үздэг. Хэт болгоомжилсноос болж, хангалттай хөрөнгөжиж, баяжиж чаддаггүй.

Ихрийн орд

Хэр их мөнгө байх нь хамаагүй тэд үүнийг ганцхан өдрийн дотор үрж чадах хүмүүс. Мөнгө үрэх тэдний хувьд байдаг л зүйл бөгөөд үүнд хэтэрхий санаагаа зовоож, өөрсдийгөө чилээдэггүй. Сарын цалингаа ганц өдөрт дуусгасан ч, үлдсэн 29 өдрийг ямар ч асуудалгүй давж чадах сэргэлэн хүмүүс. Харамсалтай нь тэдэнд хуримтлал гэж байдаггүй. Ирээдүйгээ бодох бус, өнөөдрөөрөө амьдардаг.

Мэлхийн орд

Гэр бүлээ үргэлж нэгдүгээрт тавьж, тэдний төлөө бүхнээ зориулдаг төрлийн хүмүүс. Мөнгөтэй болсон ч, бүх мөнгөөрөө үр хүүхэд, ээж аавдаа бэлэг сэлт авч, эсвэл тэр чигээр нь хайртай хүмүүстээ тараачихдаг. Эцэст нь сайхан сэтгэлийнхээ хариуд хоосон хэтэвчтэй хоцордог. Тэд үрсэн мөнгөндөө харамсах бус, бусдын баярлаж байгааг хараад л аз жаргалаар бялхдаг сахиусан тэнгэр гэлтэй хүмүүс. Энэ л тэдний баяжиж чаддаггүй шалтгаан.

Арслангийн орд

Арслангийн ордонд мэндэлсэн хүмүүс санхүүгийн тал дээр тун ч амжилттай байж чаддаг. Төрөлхийн удирдагч сэтгэхүйтэй, чадварлаг, сэргэлэн тэдэнд мөнгө тийм ч асуудал болдоггүй. Ядрахаа мэдэхгүй ажиллаж, олсон мөнгөө ч зөв зохистой зарцуулж чаддаг. Нэг ёсондоо тэдэнд баяжих тал дээр асуудал байхгүй, тэд угаасаа баян. Хэрвээ та одоохондоо хангалттай хөрөнгөжиж чадаагүй байгаа бол бүү санаа зов. Тун удахгүй та хөрөнгө, мөнгөтэй чинээлэг нэгэн болно.

Охины орд

Хамгийн нарийн ордуудын нэг. Үргэлж бүсээ чангалж, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх дургүй. Үнэндээ хэрэгтээ зүйлдээ ч, мөнгөө хангалттай гаргаж чаддаггүй, гар чангатай хүмүүс. Үүнээсээ болж зарим тохиолдолд алдаж, баяжих боломжоо түлхээд явуулах нь бий.

Жинлүүрийн орд

Тэдэнд мөнгө тийм ч сонин биш. Зүгээр л хэрэгцээ төдий зүйл гэж боддог. Тиймдээ ч баяжих тухай боддоггүй. Зөвхөн аз жаргал, кайфыг мэдрэх, бусдыг хайрлах, амьдралын сайхныг харах гэхчлэн бусдаас нэг шат ахисан зүйлсэд анхаарлаа хандуулдаг төрлийн хүмүүс. Өөрсдийнхөө хүслээрээ амьдарч, хоббигоо хөгжүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлдэг.

Хилэнцийн орд

Тун ч сэргэлэн бас мэдрэмжтэй хүмүүс. Тэд ямар ч мөнгөгүй байсан ч, ганц өдрийн дотор хангалттай мөнгийг босгож чадахуйц чадварлаг, ухаалаг. Мөнгийг хэрхэн ашиглах, өсгөх, юунд хэрхэн хөрөнгө оруулахаа ч тун ч сайн мэднэ. Харин хэт мөнгөө өсгөх тал дээр анхаарснаас болж дампуурах, хоосрох нь бий. Гэхдээ буцаад босоход тэдэнд урт хугацаа хэрэггүй.

Нумын орд

Тэд өөртөө байгаа бүх мөнгөө өөртөө зарцуулдаг. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг учир, мөнгийг хадгалах эсвэл өсгөх бус өөртөө зориулдаг. Нэг ёсондоо өөрийн боловсрол, гадаад үзэмж, эрүүл мэнд гээд л зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсдээ мөнгөө зарцуулдаг аж. Тэдний хөрөнгө бол мөнгө биш, тэд өөрсдөө юм.

Матрын орд

Мөнгөнд маш хянуур ханддаг хүмүүс. Олсон мөнгөнийхөө талыг ахуй амьдралдаа зарцуулж, үлдсэнг нь хадгалах эсвэл өсгөх тал дээр анхаардаг. Тэдэнд баяжих боломж асар их бий. Бага зэрэг хичээхэд л тэд хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг. Сэргэлэн, ухаалаг, мэдрэмжтэй тэдний баяжих нь цаг хугацааны л асуудал.

Бумбын орд

Тэдний хувьд мөнгө бол шалихгүй зүйл. Бумбын ордонд мэндэлсэн хүмүүс мөнгө олохын тулд амьдрах бус, амьдрахын тулд мөнгө олдог. Ажил хийхдээ ч мөн адил ханддаг. Биеэ даасан, чадварлаг, өөрсдийн гэсэн бодолтой хүмүүс учир хэзээ ч мөнгөний хойноос үхэн хатан гүйдэггүй. Харин их бага хэмжээгээр мөнгө өөрсдөө тэдэн рүү урсаж байдаг.

Загасны орд

Хамгийн үрэлгэн орд гэвэл загасыг л хэлэх болов уу. Хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулж, хуримтлалыг мартаж орхидог. Тэдэнд ямар нэгэн эдлэл, хэрэгсэл, хувцас таалагдах л юм бол ямар ч аргаар хамаагүй мөнгө олоод авч чадах хүмүүс. Нэг ёсондоо олсныхоо хэрээр үрж, эцэст нь юу ч хоцрох нь бий.